Хүн ам, орон сууцны тооллогын онлайн санг бүрдүүлж байна

2015 оны 10 сарын 10

Үндэсний статистикийн хорооноос хүн ам, орон сууцны энэ оны завсрын тооллогыг орчин үеийн мэдээллийн технологийн хөгжил, дэвшлийг ашиглан мэдээллийн хурд, үнэн зөв, бодитой байдлыг хангасан онлайн санг бүрдүүлэн явуулж байна.

Хүн амын шилжилт хөдөлгөөн, төрөлт, боловсролын түвшин зэрэг мэдээлэлд байнгын өөрчлөлт хийгдэж байдаг учраас онлайн системийг нэвтрүүлснээр тухай бүр өөрчлөлтийг тусгах боломж бүрдлээ.

Монгол Улсын иргэн Үндэсний статистикийн хорооны http://e-registration.nso.mn/ web вэбсайтад зочилж, өөрийн болон өрхийн гишүүдийнхээ мэдээллийг шалгаж, баталгаажуулна. Харин гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа Монгол Улсын иргэд http://e-census.nso.mn/web -д зочилж, интернет тооллогод хамрагдана.

Ийнхүү иргэн бүр өөрийн болон өрхийн гишүүдийн мэдээллээ баталгаажуулж, онлайн санд бүртгүүлснээр засаг захиргааны бүх нэгжийн түвшинд нэгдсэн нэг сантай шууд холбогдож мэдээлэл шуурхай, үнэн зөв, бүрэн, давхардалгүй байх зэрэг нөхцөлийг нэгэн зэрэг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн өрх, хүн амын олон төрлийн статистикийн мэдээлэл гаргах суурь мэдээлэл болж байна.

Хүн ам, өрхийн талаарх суурь мэдээлэлд тулгуурлан иргэд ам бүлийн тодорхойлолтоо цахимаар авах, төрийн байгууллагууд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, барилга орон сууцны төлөвлөлт хийх зэрэг бүхий л үйл ажиллагаандаа хуулийн хүрээнд ашиглах боломж бүрдэж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД