ЕАБХАБ-ын Парламентын ассемблейн намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна

2015 оны 10 сарын 09

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнгөрсөн сарын 15-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.

Үүнтэй холбогдуулан тус хурлыг зохион байгуулсан Үндэсний хорооны гишүүд болон бусад албаны хүмүүс өнөөдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлын зохион байгуулалт, үр дүнгийн талаар ажлаа тайлагнаж, амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан албаны бүх хүмүүст Талархалын бичиг гардуулав.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан ажлын тайлангийн хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд нээж, үг хэлэв. Тэрээр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн орон болоод удаагүй байгаа хэдий ч Монгол Улсын Их Хурал болоод УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлэг ЕАБХАБ-тай идэвхтэй ажилласны үр дүнд 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон юм гэж онцлов.

Мөн тэрээр 2015 оны Намрын хуралд ЕАБХАБ-ын 45 гишүүн орон, түнш хоёр орон, 14 олон улсын болон бусад байгууллагаас нийт 310 төлөөлөгч оролцов. Парламентын дарга, дэд дарга нарын хувьд ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин, Румын Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга, Афганистан Улсын парламентын дэд дарга, БНПУ-ын Сеймийн Дэд Маршал нар оролцов. Мөн Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрууд болон олон улсын байгууллагын тэргүүн, дипломат ажилтнууд тус хуралд оролцсон гэлээ.

УИХ-ын гишүүн, Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн гишүүн Н.Энхболд хэлсэн үгэндээ, Монгол Улс тэр дундаа Улсын Их Хурлын Тамгын газар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны Намрын хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өргөхөд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД