””Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн салбарыг хямралд оруулж байна”

2015 оны 10 сарын 09

Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн салбарт болж буй үйл явдал болоод “Улаанбаатар смарт карт” ХХК болоод Нийслэлээс хэрэгжүүлж буй шинэчлэлийн системийн асуудлаар мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БиТиЖиТи ХХК-иас мэдээлэл хийлээ.

Тэдний хэлж буйгаар 2015 онд “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем” нэвтрүүлэх нээлттэй сонгон шалгаруултад оролцсон боловч тухайн үеийн Нийслэлийн Хөрөнгө оруулалт эрхэлсэн орлогч дарга Н.Батаа ахлагчтай ажлын хэсгийн шийдвэрээр “Дата карт консерциум” төсөл шалгарсан байна. Тус консорциум нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан “Шинэ техник технологи ноу-хау нутагшуулах журам”-ын дагуу өөрсдийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлж хөрөнгө оруулалтаа төслийн ашгаар буцаан төлөх хэлбэрээр гэрээ хийсэн ба цахим төлбөрийн системийг нэвтрүүлэхэд нийслэл болон улсын төсвөөс хөрөнгө гарахгүй юм байна. Харин ч Нийслэл 24 хувийг эзэмшдэг аж. Гэтэл тус сонгон шалгаруулалтыг будлиантай хэмээн үзэж буйгаа БиТиЖиТи ХХК-ийн зүгээс мэдэгдлээ. Тухайлбал,

  1. Програм хангамж болон GPS хяналтын системийн ажиллагаа нь мэргэжлийн байгууллагаар шалгаж баталгаажуулсан дүгнэлт байхгүй.
  2. Автобус компаниудын ажилласан цаг болон өдөр бүрийн гүйцэтгэлийг бодох систем нь тухай бүрт нь бодож гаргаж чадахгүй байна. MS-excel файл дээр ажиллаж хүний оролцоотой тайлан гаргаж байгаа нь хардалт үүсгэж байна.
  3. Автобус баазуудад GPS системийг ашиглан автобуснуудаа хянах боломж байхгүй.
  4. Автобусанд орсон иргэдийг бэлнээр төлбөрөө төлсөн эсвэл картаа уншуулан зорчиж байгаа эсэхэд хяналт тавих ямар ч шийдэл байхгүй. Энэ нь иргэдэд автобусанд үнэгүй зөрчих боломжийг бүрдүүлсэн байна.
  5. Автобус компаниудийн орлогоос хэт өндөр шимтгэл буюу шууд 10 хувь суутгаж авч байгаа нь тэднийг хямралд оруулах үндэс суурь болж байна.
  6. Иргэдэд 3600 төгрөгөөр карт зарж байгаа нь маш өндөр үнэтэй гэж үзэж байна.
  7. Автобуснуудад түлш хэмжих төхөөрөмж суурилуулж өгөөгүй тул компаниуд түлшний зардлаа хянах боломж байхгүй.
  8. Автобуснуудад суурилуулсан мөнгөний хайрцаг 565 ам.долларын үнэтэй.
  9. Энэ төслийн нийт санхүүжилт нь 15.000.000 ам.доллар бөгөөд тус компанийн санал болгосон төслөөс гурав дахин өндөр өртөгтэй

10.  Кондукторуудын ажлын байрыг шууд устгаж нийгэмд ажилгүйдэл бий болгосон.

Энэ талаар тус компанийн захирал Л.Гантулгаас тодрууллаа.

-Нийслэлийнхэн болоод “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар ингэж үзэх болсон бэ?

-“Улаанбаатар смарт карт” ХХК нийтийн тээврийн салбарыг хямралд оруулж байна. Ядаж л автобуснуудын тайланг гаргаж өгч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, хотын сонгосон компани  үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэж чадахгүй байна. Ийм олон нийтийг хохироосон, алдаа дутагдал ихтэй төслийг сонгон шалгаруулж, дээрээс нь хаацайлан өмгөөлсөөр байгаа нь хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэстэй юм.

-Иргэдийг мөнгөө төлж зорчиж байна уу үгүй юу гэдгийг хянах системийг ажиллуулж чадахгүй байна гэсэн. Үүний талаар?

-Нийт иргэдийн 70 хувь нь цахим карт худалдаж авсан гэх боловч уншуулах нь ховор, жолоочийн нүдийг хуурч байгаад карт уншуулахгүй эсвэл мөнгөө хайрцагт хийхгүй тохиолдол маш их гарч байгаа. Тэр бүрийг “Улаанбаатар смарт карт” ХХК-иас хянаж чадахгүй байна. Манай компанийн оролцсон төсөл нь дээрх асуудлуудыг бүрэн шийдэж чадах байсан. Тухайлбал, картыг иргэдэд үнэгүй тарааж, картын үйлчилгээний орлогоос 2-6 хувийн шимтгэл авах тогтолцоотой. Мөн кондукторуудыг олноор нь халахгүйгээр хянагч, карт борлуулагчаар ажиллуулан хоёр жилийн хугацаанд хадгалж үлдэх боломжтой байсан.

-Яагаад Солонгосын консерциумд давуу эрх олгосон гэж үзэж байгаа вэ?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Үүнд Нийслэлийн Засаг дарга болоод удирдлагууд хариулт өгөх байх.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД