Автобуснууд ажилдаа гарчээ

2015 оны 10 сарын 09

Энэ сарын 07-ны өдрөөс нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг хувийн компаниуд ажил хаялт зарласан. Тэд “Улаанбаатар смарт карт” компани орлогыг дутуу хуваарилж, сүүлийн хоёр сарын орлогыг өгөөгүй байгаа учраас автобус компаниуд алдагдалтай ажиллаж, түлшний ч мөнгөгүй боллоо" хэмээн түр зогсолт нэрээр ажил хаялт зарласан билээ.

Гэтэл өнөөдөр Автобус компаниудын төлөөлөл мэдээлэл хийсэн юм. Тэдний хэлснээр "Нийслэлийн удирдлагууд нөхөн олговроор 80 хувийг олгосон гэж ярьж байсан ч хоёр сард нийтдээ ердөө нэг тэрбум 700 сая төгрөг орсон. Тиймээс бид зардлаа нөхөх ямар ч боломжгүйд хүрсэн ч хотын удирдлагууд ойлгоод санхүүжилтийг шийдээд өгье гэсэн тул бид ажилдаа гарна" гэв. Мөн "Бид аль аль талдаа тохиролцолд хүрсэн учраас ажилдаа гарахаар боллоо. Өчигдөр Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан компаниудад шалгалт оруулахаар болсон. Бид шалгуулахад бэлэн байна” гэсэн юм.

Мөн түүнчлэн тэдний мэдээлснээр нийтийн тээврийн цахим системд шилжээгүй үед 11 тэрбум орчим төгрөгийн орлого олдог байсан бол одоо таван тэрбум төгрөгт ч хүрэхгүй байгаа бөгөөд энэ нь түлш, цалин, техник засвар гээд юундаа ч хүрэхгүй байгаа аж. Тодруулбал, өдөрт 80 гаруй литр шатахуун зарцуулдаг бол нийтдээ нэг өдөрт 152.150.000  төгрөгийг шатахуунд зарцуулдаг аж. Ингээд бодохоор цахим системд шилжсэнээс хойш 10 тэрбум 650 сая төгрөгийг зөвхөн шатахуунд зарцуулаад байгаа бөгөөд "Улаанбаатар смарт карт" компанийн шилжүүлсэн мөнгө зөвхөн шатахуунд зарцуулагдаж байгааг хэлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.38 ЗӨВ ШҮҮ