УИХ дахь АН бүлэг Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг дахин хэлэлцэнэ

2015 оны 10 сарын 09

Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцэх үед улиран сонгогдох магадлал өндөр байсан УИХ-ын гишүүн Д.Ганбат унаж, Ш.Түвдэндорж гишүүн олонхын дэмжлэгийг хүлээгээд байгаа. Гэвч тус намын бүлэг ХЗБХ-ны даргын асуудал маргаантай болсон гэж үзэж УИХ-ын чуулган дээр ажлын тав хоногийн завсарлага авсан байна. Энэ сарын 05-нд болсон АН-ын бүлгийн ээлжит хуралд 20 гишүүн оролцсоноос 10 гишүүний санал авч, олонхын дэмжлэг авч чадаагүй ч, бүлгээр дэмжигдсэн гэх УИХ-ын гишүүн Д.Ганбатын гомдлын дагуу УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг бүлгийн шийдвэрийн эсрэг санал гаргасан хэмээн хариуцлага тооцож,  бүлгийн дэд даргын албанаас нь чөлөөлсөн байна. УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүний үзэж буйгаар тодорхой мэдээлэлгүй хариуцлага тооцсон нь яарсан шийдвэр хэмээн үзэж, дараа долоо хоногийн даваа гарагийн бүлгийн хурлаараа ярилцаж шийдэхээр болсон байна. 

АН-ынхны хувьд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааг сайжруулах нь нэр хүндийнх нь асуудал болоод буй. Учир нь Д.Ганбат гишүүний хувьд Өршөөлийн хуулийг үндсээр нь өөрчилж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөж өөгшүүлэх нь хэмээн МАН-ын гишүүдэд олонтаа зэмлүүлсэн. Мөн Хууль зүйн байнгын хороог удирдаж буй арга барилд нь ч олон гишүүн сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан удаатай аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД