Улаанбаатар Новосибирск хотууд ах дүү хот боллоо

2015 оны 10 сарын 08

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ОХУ-ын Новосибирск хотын Захирагч А.Е.Локотийн урилгаар албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд хоёр хотын дарга хамтын ажиллагааны "Санамж бичиг"-т гарын үсэг зуржээ. Улаанбаатар хотын зүгээс  нийслэл дэх  хуучин, оросуудын барьсан барилгуудыг сэргээн засварлах, гэр хорооллыг төвлөрсөн бус дулаанаар хангах,  мах, сүү, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэл, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр тодорхой төслүүдэд  хамтран ажиллах санал тавьсан.  Новосибирск хотын дарга Анатолий Локоть “Хамтран ажиллах тодорхой төслүүдтэй ирсэнд баярлаж байна. Одоо ажил хэрэг болгох л чухал. Тиймээс тодорхой байгаа төслүүд дээр ажлын хэсэг байгуулан шууд ажилдаа оръё” гэсэн юм.

Улаанбаатар хотын зүгээс бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжих, тэднээр дамжуулан эдийн засгийн шинэ боломжуудыг нээх, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилго бүхий  “Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2015” бизнес форумыг Новосибирск хоттой хамтран зохион байгууллаа. Форумд манай талаас 12 аж ахуйн нэгжийн 20 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, барилга, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын  салбарт хамтран ажиллахаар нийт найман “Санамж бичиг”-т гарын үсэг  зурав.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд  Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Новосибирск хотын Эрчим хүчний хорооны дарга М.А. Грехов нар “Улаанбаатар хотын хуучин орон сууцны хорооллын байрнуудын гадна дулаалга, цахилгаан шатыг шинэчлэн солих ажлыг хийж гүйцэтгэх тухай” санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр хуучин ЗХУ-ын үед Улаанбаатар хотод баригдсан тав, ес, арванхоёр давхар 1700 угсармал  барилгыг сэргээн засварлах ажлыг Новосибирскийн барилгачид эхлүүлэхээр боллоо. Ашиглалтын хугацаа нь дуусч, их засвар хийх шаардлагатай дээрх байруудыг засварлах хөрөнгө Новосибирскийн талаас гарах бөгөөд талууд ОХУ-ын  ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад айлчлахдаа үзэглэсэн “Стратегийн баримт бичиг”-ийн хүрээнд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Тус форумд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Нарантуяа “Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, төсөл хөтөлбөрүүд”, нийслэлийн орон сууцны корпорацийн захирал Б.Тэлмэн “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, төслүүд” сэдвээр тус тус танилцуулга хийлээ. Тус форумд оролцсон Новосибирскийн бизнес эрхлэгчид тодорхой төслүүдэд хамтран ажиллах, өөрсдийн хөрөнгөөр эхний загвар ажлуудыг гүйцэтгэхээ илэрхийлсэн нь форум хэр үр дүнтэй, ажил хэрэгч, эрэлт хэрэгцээтэй байсныг тодорхойлсон явдал боллоо.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд , Новосибирск хоттой Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлт, дулаан хангамж,  хуучин барилгын шинэчлэлээс гадна шинжлэх ухаан, мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах талаар онцгой байр суурьтай байв. Тэрээр Сибирийн ХАА-н академи-д зочлохдоо нийслэлд  “Мал эмнэлэгийн төв” барьж, хойд хөршид мах экспортлох хүсэлтэй байгаа илэрхийлсэн юм. Үүний хариуд тус академийн захирал А.С.Донченко “Бид та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байна. Та нарт бидний туслалцаа хэрэгтэй байгаа бол бидэнд бас та нараас хүсэх юм байгаа. Тийм хатуу ширүүн нөхцөлд тийм бага хоол идээд бах, сүү өгдөг танай малын үүлдэр угсааг бид судлах сонирхолтой байна. Ялангуяа сарлаг, хайнагийг их сонирхож байгаа” гэсэн юм.

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн ОХУ-ын Новосибирск хотод хийсэн албан айлчлал маш ажил хэрэгч байдалд өндөр үр дүнтэй боллоо гэж талууд дүгнэлээ. Новосибирск бол Монголчуудтай уламжлалт сайн хөршийн  харилцаатай, цаг агаарын хувьд ижил төстэй, Сибирийн бүсийн аж үйлдвэр, шинжлэх ухаан, тээвэр ложистикийн зангилаа хот юм. Тус хот газарзүйн байрлалын хувьд ОХУ-ын төв хэсэгт 503,1 кмкв талбайг эзлэн оршдог 1 300 000 хүн амтай, улсдаа газар нутгийн болон хүн амын тоогоороо эхний гуравт ордог том хот юм. Новосибирск хотод шинжлэх ухааны судалгааны, зохион бүтээх технологи болон төслийн хүрээлэнгүүдээс бүрдсэн  ОХУ-ны ШУА-ийн 3 тусгай салбар нь байдаг юм байна.

Айлчлалынхаа үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Бат-Үүл Новосибирск хотын  Новосибирск хотын Депутатуудын зөвлөлийн дарга Д.В.Асанцевтэй уулзаж НИТХ-ын даргын мэндчилгээ, урилгыг дамжууллаа. Тэрээр урилгыг талархан хүлээж авсан бөгөөд Улаанбаатар хоттой бодлогын түвшинд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Ноён  Д.В.Асанцев 1968 онд төрсөн бөгөөд  Монгол Улсад цэргийн алба хаасан талаараа бахархан ярьсан юм.

Засаг даргын айлчлалын хүрээнд Новосибирск Улаанбаатар хотуудын уламжлалт найрсаг хөршийн харилцаа “Ах дүү хот”-ын харилцаагаар солигдож, талууд харилцан “Төлөөлөгчийн газар”-аа нээх, бүх салбарт тодорхой төслүүд дээр хамтран ажиллах тохиролцоонд хүрлээ. Новосибирск хотын дарга ноён А.Е.Локотийн хэлсэнчлэн яриа хэлэлцээрээ цаг алдалгүй ажил хэрэг болгохыг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Энх-Амгаланд даалгалаа г

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД