Э.Бат-Үүл: ”Нийслэл иргэдийнхээ талд зогсох уу, дарамтлагч компаниудын талд зогсох уу”

2015 оны 10 сарын 08

Автобусны хувийн компаниуд өчигдрөөс хойш түр зогсолт хийж байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг машин цагийн тарифны асуудлаас болж алдагдалд орж, үйл ажиллагааны зөрдлөө нөхөж чадахгүйд хүрээд байгаа хэмээн тайлбарлаж байгаа. Тэгвэл тус асуудлаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийнхан мэдээлэл хийсэн. Тус мэдэгдэлдээ автобусны хувийн компаниудад орлогыг нь өдөр бүр олгож байсан бөгөөд цахим системд шилжсэнээс хойш энэ сарын 02-ныг хүртэл нийт 10 тэрбум 775 сая төгрөгийн орлогыг нь шилжүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Мөн Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар энэ асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд Нийслэл болоод “Улаанбаатар смарт карт” ХХК-иас санхүүжилтийг олгосон тохиолдолд төрд дарамт шахалт үзүүлж, иргэдийг хохироож буй автобусны компаниудын гэрээг цуцална гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Мөн тус хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтарсан ажлын хэсэг гаргаж, ажил хаясан нийт 17 аж ахуйн нэгжид  шалгалт оруулахаар боллоо. Учир нь тэднийг зохион байгуулалттайгаар өөрсдийнхөө давуу талыг ашиглан шантааж хийх зорилгоор ажил хаялаа хэмээн үзэж байгаагаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн юм.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт тэрээр зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй хамтран автобусны үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзжээ. Тус уулзалтаар гэрээний дагуу 8-9 дүгээр сарын нөхөн олговрын 80 хувийг нийслэлээс хугацаа алдалгүй шийдвэрлэж, автобусны нэг цагийн үнийн тарифийг судлаад нэгдсэн дүн гаргана гэж талууд харилцан тохиролцжээ. Үүний дагуу нийслэлийн Тээврийн газраас мягмар гарагт буюу энэ сарын 06-ны өдөр нэхэмжлэл ирүүлж, нийслэлийн Санхүү төрийн сангаас цаг алдалгүй өнгөрсөн хоёр сарын 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шилжүүлсэн байна. Гэтэл аж ахуйн нэгжүүд тохиролцсоноосоо буцсан учир өөрсдийнхөө давуу талыг ашиглаж төрийг дарамталж байна хэмээн үзэж ийн шийдвэр гаргажээ.

Хурлын үеэр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын санхүү хариуцсан дарга Э.Ганхүү хэлэхдээ “Нийслэлээс нэн шаардлагатай гэсэн нөхөн олговрыг шаардлагын дагуу шилжүүлсэн. Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн зүгээс нийтдээ 11 орчим тэрбум төгрөгийг компаниудын дансанд шилжүүлсэн. Үүнийг нотлох Худалдаа хөгжлийн банкинд гүйлгээ хийсэн хуулга байгаа. Тиймээс автобусны компаниудын яриад байгаа асуудал байхгүй гэсэн үг” хэмээн мэдэгдсэн бол Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Хамгийн гол асуудал нь автобусны нэг цагийн тарифын үнийг тодорхой болгож, нөхөх олговроо тооц гэсэн шаардлага тавьж байгаа” гэлээ.

Харин Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Хотын энэ том аж ахуйг хувийн компаниудаас болж ингэж зогсоож болохгүй. Энэ нь иргэдэд маш хүндрэлтэй тусч байгаа. Нөхөн олговрыг шийдсээр байхад шалтаг гаргаж дарамтлах асуудал байж болохгүй. Энэ нь удаа дараа давтагдана. Бид үнэхээр яаралтай шийдэх шаардлагатай гэвэл НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлуулахад бэлэн байна. Гэтэл нэг цагийн үнийн тарифыг тогтоосны дараа нөхөх олговрын зөрүү гээд дахиж мөнгө нэхээд ажлаа хаявал яах вэ. Тиймээс эдгээр компаниудын үйл ажиллагааг шалгах хэрэгтэй. Хот үүргээ хангалттай биелүүлж байна. Харин тэд удаа дараа дарамталж байна” гэсэн юм.

Үүний дараа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Бидэнд “Нийслэл иргэдийнхээ талд зогсох уу, дарамтлагч компаниудын талд зогсох уу” гэсэн асуудал тулгарч байна. Ямар ч үед бид иргэдийнхээ талд зогсоно. Хэрэв удаа дараа иймэрхүү асуудал гарах юм бол хувийн компаниудтай хийсэн гэрээг цуцалж, дараагийн аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллахад бэлэн. Нийтийн тээвэр бол хотын “тог цахилгаан” юм. Тиймээс “цахилгааныг тасалж” болохгүй болчихоод байна. Нийтийн тээвэр явахаа болчихоор иргэд хүссэн хүсээгүй машинаар явж байгаа учир машины түгжрэлд ороод таг зогсчихоод байна. Ийм учраас холбогдох дарга нар эцсийн тооцоогоо гаргаад, НИТХ-ын тэргүүлэгчдийг хуралдуулах нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
27.123.214.124 Хаа сайгуй газар олгож утаа уусгэгч гэр хороололоо тэлэхээ зогсоох хэрэгтэй. Налайх явах замд боон хашаа барьж айлууд буух нь. УБ бух талаасаа утаанд дарагдах нь. Хямд унэтэй байшин барьж, гэр яндангуудаа цооруулэхгуй бол бугдээрээ утаа сорогчид болж гуйцлээ.