Р.Ган-Эрдэнэ: Автобус компаниудад 10.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн

2015 оны 10 сарын 08

Өчигдөр буюу энэ сарын 07-ны өдрийн 06 цагаас эхлэн нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд түр зогсолт хийснээр улсын автобуснууд ачааллаа даахгүй, автобусны буудлууд дээр дор хаяж 30-40 минут автобус хүлээж зогсож иргэд нэлээд бухимдалтай байгаа билээ. Тиймээс өчигдөр Нийтийн тээврийн газрын удирдлагууд шуурхай хуралдаж, автобус компанийнхантай уулзсан боловч тодорхой шийдэлд хүрч чадаагүй учир Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар энэхүү асуудлыг хэлэлцэхээр болсон аж.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд нийтийн тээврийн цахим системд шилжсэнээс хойш тогтмол алдагдалтай ажиллаж ирсэн бөгөөд “Улаанбаатар смарт карт” компанийнхан сүүлийн 2-3 сарын орлогыг нь өгөөгүй учир түлш, ажилчдынхаа цалинг тавьж чадахаа больсон гэх тайлбарыг өгч байсан юм. Мөн энэхүү асуудалд “Улаанбаатар смарт карт” компанийнхнийг буруутгаж байгаагаа ч нуугаагүй юм.

Тэгвэл өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компаниас  албан ёсны мэдээлэл хийж, тайлбар өглөө. Тэдний тайлбарлаж буйгаар өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс энэ сарын 02-ны өдрийн бүх орлого буюу 10 тэрбум 775 сая 798 мянган төгрөгийг шилжүүлсэн бөгөөд ингэхдээ Худалдаа хөгжлийн банкнаас тус компанийн дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг аж. Энэ талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнээс тодрууллаа.

-Хувийн компаниуд ажил хаялт хаясан шалтгаанаа “Улаанбаатар смарт карт” ХХК-иас орлогыг нь олгохгүй байгаа хэмээн тайлбарлаж байгаа. Орлогыг нь

-Аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө орлогыг хангалттай бус байна гэж үзэж байгаа учраас ажил хаялт зарласан гэж бодож байна. Манай компанийн хувьд Худалдаа хөгжлийн банктай хамтарч ажилладаг бөгөөд орой бүр бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолоод лацаддаг. Үүний дараа хоёр талын санхүүгийн ажилтнууд хяналтан дор мөнгийг тоолж, Худалдаа хөгжлийн банкзны данс руу шилжүүлдэг. Харин бид мөнгийг манай дансанд орж ирсэн даруйд нь зохих журмын дагуу хуваарилдаг. Зохих журам гэдэг нь Нийслэлээс гаргаж өгсөн цаг, минутаар хуваарилах журам юм. Өөрөөр хэлбэл, орлогыг өдөрт нь олгоод явж байгаа. Хамгийн эцсийн байдлаар энэ сарын 02-ны өдрийн орлогыг шилжүүлсэн гэх тооцоо байгаа. Баримт нь ч бий. Дээрх баримтуудтай аж ахуйн нэгжүүд танилцаад, давхар хяналтаа тавиад явж байгаа.

-Өчигдөр аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийнхан орлогыг нь буцаааж өгөхдөө 50-60 хувиар дуу олгоод байна гэж ярьж байсан. Үүний талаар тайлбарлахгүй юу?

-1200 автобусанд тоног төхөөрөмж суурилуулснаас өдөр тутам 900 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Мөн 21 аж ахуйн нэгжийн зүгээс орлогоо машин цагаар нь хувааж авья гэсэн хүсэлтийг өөрсдөө тавьсан. Үүний дагуу Нийслэлээс захирамж гаргасан. Ингэхээр захын чиглэлд явж байгаа автобуснууд төвийн чиглэлд явж байгаа автобуснаас бага орлого олж байгаа учир шударга хуваарилах үүднээс явсан цагаар нь хуваарилдаг. Тэгэхээр илүү орлого олсон автобусны орлогыг бага орлоготой автобусны орлого руу шилжүүлдэг. Үүнийг л хувийн компаниуд гуйвуулж биднийг орлогоос нь  дутаасан гэж яриад байгаа юм. Тэрнээс биш орж ирсэн мөнгөн дүн болоод шилжүүлсэн мөнгөн дүн ижил байгаа.

-Цахим системд шилжсэнээс хойш нийт хэчнээн төгрөгийн орлогыг автобус компаниудад шилжүүлсэн бэ?

-Нийтийн тээврийн шинэчлэлээс хойш нийт орлогоос манайх 10 хувийн орлогоо аваад өнгөрсөн долдугаар сарын 29-нөөс  энэ сарын 02-ны өдрийн бүх орлого буюу 10 тэрбум 775 сая 798 мянган төгрөгийг шилжүүлсэн албан ёсны тамгатай бичиг баримт нь байгаа.

-Аж ахуйн нэгжүүд ажилт хаялт бус түр зогсолт хийсэн гэж тайлбарлаж байгаа. Үүнээс болж иргэд маш ихээр хохирч байна. Ингэхдээ танайд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн үү?

-Огт мэдэгдээгүй. Бид ажил хаясных нь өглөө мэдсэн. Одоогийн байдлаар “Улаанбаатар смарт карт” ХХК-тай ямар нэгэн уулзалт, яриа хэлэлцээр, мэдүүлэг, шаардлага тавиагүй байна.

-Мөн хувийн компаниуд машин цагийг нь 30500 төгрөгөөр үнэлэх ёстой боловч 14800 төгрөгөөр үнэлээд байна гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ талаар?

-“Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс ямар ч бодлого гаргадаггүй. Бодлогыг нь Нийслэлээс гаргаж өгдөг. Бид харин орж ирсэн мөнгийг нь зохих журмын дагуу хуваарилж байгаа. 30500 төгрөгийг нэг цагийн машин цагаар олгоё гэсэн саналыг аж ахуйн нэгжүүд өөрсдөө тавьсан. Энэ мөнгийг Нийслэлийн төрийн сангаас хамгийн боломжит хувилбар гэсэн тооцоо гаргасан. Энэ манайхтай ямар ч холбоогүй юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.24.213 oroi avtobus yavdavgui ene talaar haana heleh ve orloglok hiigeed ert buudag biz
202.179.28.82 хувийн автобуснууд дэндүү даварч байна ,тэд солонгосын хаяагдалтайгаа хаачихыг нь хаая гээд төр ард түмнийхээ төлөө тэд нарт төмөр нүүрээ харуулж бүгдийг нь шугамнаас гаргаач ,чаддаг нь тэр шугаманд яваг л даа
122.201.22.189 2hon sard terbum tugrug oldog compani bnshdee, tegeed solongos ezentei bid heniig tejeegeed bnaa