ОХУ-тай хийсэн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах протоколыг батлахыг дэмжив

2015 оны 10 сарын 07

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хаалттай горимоор хэлэлцсэн байна. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай, мөн Монгол-Оросын “Монголросцветмет” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хийсэн байна.

Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2003 оны долдугаар сарын 1-ний өдрийн хэлэлцээр, Монгол-Оросын “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2007 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээрт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналыг оросын тал 2013 онд тавьжээ. Тухайлбал, оросын талын хувьцаа эзэмшигчийг “Ростехнологи” /дараа нэр нь өөрчлөгдөж “Ростех” болсон/ болгон өөрчлөх, оросын талын ногдол ашгийг түүнд шилжүүлж байхаар нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ.

Манай холбогдох яам, Төрийн өмчийн хороо оросын талын саналыг судалсны үндсэн дээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам /хуучин нэрээр/ дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын төслийг боловсруулан Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлжээ. Засгийн газар төсөлд оросын талын хувьцаа эзэмшигчийг “ОХУ-ын Засгийн газар, эсхүл түүний итгэмжилсэн төрийн өмчийн хуулийн этгээд, байгууллага” байхаар шийдвэрлэж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсоны дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2014 оны аравдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн дэмжиж, нэмэлт, өөрчлөлт оруулахыг Засгийн газарт зөвшөөрсөн байна.

Оросын тал харин хувьцаа эзэмшигчээ “Ростех” улсын корпораци байна гэсэн саналыг дахин тавьжээ. Иймд асуудлыг Засгийн газрын 2015 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар дахин хэлэлцүүлж, Засгийн газар хоорондын протокол байгуулахыг дэмжсэний үндсэн дээр Ерөнхий сайдын захирамжийн дагуу тус протоколд Уул уурхайн сайд Р.Жигжид 2015 оны зургадугаар сарын 18-ны өдөр гарын үсэг зуржээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Энхболд нар сайдаас асуулт асууж тодруулсны дараа санал хураалт явуулахад хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

 


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД