Сөүл хоттой оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй гэв

2015 оны 10 сарын 07

БНСУ-ын нийслэл Сөүл хот, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотууд ах дүүгийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ойн хүрээнд НИТХ-ын дарга Д.Баттулгын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Пак Нэ Хаг тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэднийг НИТХ-ын дарга Д.Баттулга болон НИТХ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ Сөүл хоттой 1995 оноос хойш найрамдалт харилцаатай байж, олон салбарт хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ оны тавдугаар сард Нийслэлийн Засаг дарга Сөүл хотод зочлон,  Улаанбаатар хотын Соёлын өдрүүд Сөүл хотод болсон бол ердөө 14 хоногийн өмнө Сөүл хотын дарга Улаанбаатар хотноо  албан ёсны айлчлал хийж, хотууд цаашид ямар салбарт тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа тодорхойлсон гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн Сөүл хоттой сурагч болон оюутан солилцооны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлснээс гадна эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.

Харин үүний хариуд Сөүл хотын ИТХ-ын дарга Пак На Хаг “Сөүл хот олон хотуудтай  хамтын ажиллагаатай байдаг ч  бидний хамгийн найрсаг сайхан харилцаатай хот бол Улаанбаатар хот  юм. Сөүл хот Улаанбаатар хоттой эрүүл мэнд, нийгэм, соёл, эдийн засаг гээд бүхий л чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна.  Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагааг бодлогын төвшинд дэмжинэ ажиллах болно” гэлээ.

Энэ үеэр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  Сөүл хотын ИТХ-ын дарга ноён Пак-Нэ-Хагыг Нийслэлийн Хангарди одонгоор шагнасныг НИТХ-ын дарга Д.Баттулга гардуулан өглөө 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД