Нээлттэй өдөрлөгийн үеэр нүдний эмч нараас үнэгүй зөвлөгөө авч болно гэв

2015 оны 10 сарын 07

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Дэлхийн Хараа хамгаалах өдрийг тохиолдуулан “Харж баясахын жаргал” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тухайлбал, дэлхий нийтээрээ жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг Хараа хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран “Нүдний тусламжийн үйлчилгээг хүн бүрт” уриан дор нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байгаа аж. Тус өдөрлөг нь энэ сарын 08-ны өдрийн 11-14 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын үзэсгэлэнгийн болон концертын танхимд болох аж.

Энэ талаар Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэлээс тодрууллаа.

-“Харж баясахын жаргал” нээлттэй өдөрлөгийн гол зорилго нь юунд оршиж байна вэ?

-Дэлхий дээр ойролцоогоор 284 сая хүн хараа муутай байгаагаас 39 сая нь бүрэн хараагүй, 245 сая нь сул хараатай байна. Эдгээр хүмүүсийн 90 орчим хувь нь хөгжил буурай орнуудад амьдарч байгаа гэсэн судалгаа гарсан байдаг. Харин манай улсад 2013 онд хүн амын дунд хийсэн сохрол, сул харааны судалгаагаар эмчлэгдээгүй болорын цайлт, нүдний даралт өвчин, шил тааруулаагүй нүдний хугарлын гажиг нь Монгол Улсын зайлсхийж болох сохрол сул харааны тэргүүлэх шалтгаанууд болж байгаа юм. Тиймээс ард иргэдийг эрүүл мэнддээ анхаарч, хайхрамжгүй хандахгүйгээр цаг тухайд нь эмнэлгийн тусламж авч, хараагүй хүмүүсийн тоо битгий нэмэгдээсэй гэсэн үүднээс тус өдөрлөгийг зохион байгуулж байгаа юм.

-Иргэд өдөрлөгийн үеэр ямар үйлчилгээнүүдийг авч болох вэ?

-Өдөрлөгийн үеэр Монголын нүдний эмч нар нүдний өвчлөл, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлж хараагаа хамгаалах талаар илтгэл тавьж, зөвлөгөө өгнө. Мөн эм үйлдвэрлэгчид нүдний эм, тариануудыг үйлдвэрийн үнээр худалдаалахаас гадна өөрсөдтэйгөө ижилхэн хараагүй иргэдэд хараагүй ч гэсэн хөдөлмөрлөж амьдарч болдог гэдгийг сурталчлан таниулах үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

-Танай холбооноос нүдний дасгалуудыг багцлаад программ хангамж болгон худалдаалж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Одоо үед хүмүүс компьютерийн ард маш олон цагаар хөдөлгөөнгүй суудаг. Үүний улмаас нүд улиайх, загатнах, хуурайших зэрэг зовиурууд бий болдог. Тус программ хангамжийг компьютер дээрээ суулгасан тохиолдолд гурван цаг тутамд автоматаар ажиллана. Тэгээд программ дээр байгаа дасгалуудыг дагаад хийгээд байвал нүдний өвчлөлөөс сэргийлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД