Нийтийн тээврийнхэн түлшээ ч авч чадахгүй байна гэв

2015 оны 10 сарын 07

Өнөөдөр 06 цагаас эхлэн Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 21 аж ахуйн нэгж түр зогсолт хийсний улмаас ажил, сургуулиасаа хоцорсон иргэд олон байна. Үүнийгээ автобус компанийнхан Улаанбаатар смарт картыг нэвтрүүлж эхэлснээс хойш түлшний мөнгөгүй болж, сүүлийн хоёр сарын турш ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрсэн учир ийн түр зогсолт хийхээс өөр аргагүйд хүрсэн хэмээн тайлбарлаж байна.

Тодруулбал, Нийслэлийн тээврийн газар болоод аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд өнгөрсөн долоо хоногийн ням гаригт хуралдаж, хувийн компаниуд санхүүгийн байдлаас шалтгаалан даваа гаригаас эхлэн автобусаа үйлчилгээнд гаргах боломжгүй болсон талаар хэлсэн аж. Үүний хариуд Тээврийн газрын зүгээс "Санхүүгийн асуудлыг даруйхан шийдвэрлэе. Автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай" гэсэн саналыг тавьсан ч өдийг хүртэл санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өгөөгүй учир өнөөдрийн шийдвэрийг гаргасан хэмээн тайлбарлаж байлаа.

Нийслэлд нийтдээ 999 автобус иргэдэд үйлчилдгээс өнөөдрийн байдлаар “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын  автобусууд болон  “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 автобус үйлчилгээнд явж байгаа аж. Тиймээс автобусны буудлууд дээр иргэд дор хаяж 30-40 минут автобус хүлээж зогсож байгаа талаар ч хэлж байсан юм.

Ингээд тус аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдийн байр суурийг тодрууллаа.

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн: 10-аад тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан

Нийтийн тээвэрт шинэчлэлт хийхийг 2011 оноос ярьж байгаад, 2014 оны тушаалаар батлаад, 2015 оны долдугаар сард хийж гүйцэтгэсэн. Үүнд нийтийн тээврийнхэн сэтгэл хангалуун байж, дэмжиж ажилласан. Ингээд 70 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд гарсан өөрчлөлт нь гэвэл тээвэрчид алдагдалд орсон байна. Тодруулбал, 10 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт дутсан. Хувийн хэвшлийнхэн сүүлдээ цалингаа тавьж, түлшээ ч авч чадахаа байлаа. Улсын компаниуд ч мөн адил олсон орлогоосоо хагас хугас цалингаа тавьж байгаа ч шатахууны компаниудад гурав гаруй тэрбум төгрөгийн өртэй болсон байна. Харин нийслэлийн тээврийн газраас бидэнд зөвхөн шатахууны мөнгийг л төсөвлөж өгч байж. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 999 автобус өдөрт 80 гаруй тонн шатахуун зарцуулдаг. Үүнд 140 гаруй сая төгрөг шаардлагатай гэсэн үг. Үүнийг 70 хоногт харьцуулаад үзэхээр 10 гаруй тэрбум төгрөг болж байгаа.

Мөн “Улаанбаатар смарт карт”-аар хураагдсан орлого долоон хоногийн дараа хуваарилагдаж байна. Иймэрхүү байдлаар санхүүжилт үзүүлчихээд биднийг үйлчилгээ үзүүл гээд байгаа. Бид ийм нөхцөл байдалд ажиллаж чадахгүй гэдгээ удаа дараа хэлсэн. Тиймээс санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд гарахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

“Атибус” компанийн захирал Г.Баярмагнай: Ажил хаялт биш, түр зогсолт гэдгийг хэлмээр байна 

-Ямар шалтгаанаар хувийн хэвшлийн автобус компаниуд түр зогсолт хийх болов. Ажил хаялт биш түр зогсолт хэмээн тайлбарлаж байна?

Нэгдүгээрт ажил хаялт биш гэдгийг албан ёсоор хэлье. Учир нь хувийн хэвшлүүд санхүүгийн хямралд өртсөнтэй холбоотой. Зөвхөн хувийн хэвшил гэлтгүй  Нийтийн тээврийн салбар эдийн засгийн хямралд орсон.

“Улаанбаатар смарк карт” гэдэг компани шинэ төсөл оруулж ирж байна гээд сенсаци дэгдээгээд, өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй гэж гарч ирсэн. Гурван сарын хугацаанд туршиж үзсэн ч хувийн компаниудын зүгээс энэхүү системийг Монголд нутагших систем биш гэдгийг удаа дараа хэлсэн. Гэсэн ч ойшоож үзээгүй. Харин ч санхүүгийн асуудлыг цэгцэлж өгье, автобуснуудаа үйлчилгээнд явуулж байгаарай, цалин, хөлс гээд шаардлагатай бүх төсөв хөрөнгийг Нийслэлийн захиргаанаас гаргаж өгнө гэж хэлсэн. Үүнээс хоёр сар орчмын хугацаа өнгөрөхөд нөхцөл байдал хэвэндээ л байсан. Үүгээр ч барахгүй түлшний ч мөнгөгүй боллоо. Үүнд “Улаанбаатар смарт карт” компани буруутай гэж үзэж байгаа.

Тэр компанийн хувьд сонгон шалгаруулалтад оролцоогүй, нийтийн тээврийн үйлчилгээ явуулах мэргэжлийн инженер байдаггүй, ямар нэгэн үйлчилгээ явуулахад Хотын удирдлагуудын эрхшээлд байдаг учир тэдэнтэй нийтийн тээврийн компаниуд харилцаж, ажиллаж чадахгүй байгаа юм. Мөн өдөр бүр хурааж буй орлогын дүнг худлаа мэдээлдэг. Түүнээс гадна Нийслэлийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой болохоос биш олон зуун кондукторуудыг ажлаас нь халах ёсгүй байсан юм.

“Сайхан-Ирээдүй” компанийн захирал Д.Болдбаатар: Нийслэлийн тээврийн газарт удаа дараа хүсэлт тавьж байсан

Бид энэ асуудлаар Нийслэлийн тээврийн газар болоод Хотын удирдлагуудад удаа дараа шаардлага тавьж байсан. Ингэхдээ “Бид нийтийн тээврийн байгууллагынхан учир иргэдээ л тээвэрлэе. Харин та нар санхүүгийн асуудлыг шийдвэрлэж өг” гэсэн. Автобус түлшээр явдаг. Түлшээр явдаггүй байсан бол хамаа алга. Түрээд ч болтугай явах л байсан. Хэн ч гэсэн иргэдийг хохироож, ажил, сургуульд нь хоцроогоод байхыг хүсэхгүй шүү дээ. Тиймээс аль болох хурдан цэгцэлж өг гэсэн шаардлагыг л тавьж байна. “Улаанбаатар смарт карт” компанийнхантай ярилцах гэж үзлээ. Гэтэл тэнд мэддэг хүн алга. Хэлэх ч үг байхгүй гээд сууж байна. Анх смарт картын системд шилжихэд бидэнд хэн ч мэдэгдээгүй, гэрээ контракт ч байгуулаагүй. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд гэв гэнэтхэн албан тоот бичиг ирээд системд хүчээр шилжүүлсэн.

Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн төлөөлөл түр зогсолт хийсэн шалтгаанаа ийнхүү тайлбарлаж байгаа бол Нийслэлийн тээврийн газрын дарга Ч.Энхбат “Түр зогсолт хийх болосн шалтгааныг зохицуулахаар ярилцаж байна.  Хувийн хэвшлийн автобус компаниуд болон “Смарт карт” компаниудтэй зөвшилцөнө. Магадгүй өнөөдрийн хуралдаанаар асуудал шийдэгдэнэ” гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД