Паратаеквандогийн тамирчид бахдам амжилт үзүүлжээ

2015 оны 10 сарын 06

Монголын Паратаеквандогийн холбооны тамирчид Турк улсад болсон Сансун ДАШТ-нд амжилттай оролцоод иржээ. Тус тэмцээнд нийт дөрвөн тамирчин, гурван дасгалжуулагчийн хамтаар оролцож, алт, мөнгө, хүрэл медал хүртсэн бахархам амжилт гаргасан байна. Мөн өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 02-ны өдрийг хүртэл ОХУ-ын Сочи хотод зохиогдсон Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын их наадамд оролцож, гурван хүрэл, нэг мөнгөн медалийн эзэд болцгоожээ. Энэ талаар Монголын пара таеквандогийн холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатараас тодруулахад “Улс орон хямралтай байгаа өнөө үед бид ард түмэндээ баяртай мэдээ дуулгаж байгаадаа баяртай байна. Манай холбооны гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие хамгаалах урлагаар хичээллүүлэх, тэднийг тив, дэлхийн аварга, олимпийн тавцанд гаргахад чиглэгддэг.  Тамирчид маань хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч хамгийн хүнд спортуудын нэг болох таеквандогоор хичээллээд зогсохгүй түүгээрээ олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргаж чадаж байна гэдгийг харуулсан сайхан үйл явдал болж өнгөрсөн. Тэгээд цаашдаа гэртээ байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг манай холбоонд хандаж, айж, ичилгүйгээр өөрсдийгөө дайчилж, тамирчин болох бүрэн боломжтой гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.

Мөн түүнчлэн тус холбооны ерөнхий нарийн бичиг дарга Л.Отгонбаатар хэлэхдээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монгол Улсын аль ч аймагт очоод таеквандогоор хичээллэх бүрэн боломжтой. Тэгээд жилдээ хоёр удаа Нийслэл хотод өндөржүүлсэн бэлтгэл хийлгэж, олон улсын тэмцээнүүдэд оролцох боломжийг хангаж өгдөг. Одоохондоо холбоонд маань долоон тамирчин хичээллэж байгаа хэдий ч энэ онд гурван алт, гурван мөнгө, есөн хүрэл медалийн эзэд болж, Азийн хоёр удаагийн аварга болж чадсан. Мөн тамирчин Г.Болор-Эрдэнэ Дэлхийн шилдэг тамирчнаар шалгарч, цом хүртсэн явдал нь хамгийн бахархмаар хэрэг болсон” хэмээлээ.

Харин Дэлхийн шилдэг тамирчнаар тодорсон Г.Болор-Эрдэнээс гаргасан амжилтуудынх нь талаар тодруулахад “Би 2014 онд Москва хотноо зохиогдсон ДАШТ-нээс 61 кг-ийн жинд алтан медаль, Дэлхийн шилдэг тамирчны цомыг хүртсэн. Тэгээд 2015 оны дөрөвдүгээр сард болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд -61 кг-ийн жинд мөн алтан медаль, есдүгээр сард Турк улсын Самсун хотноо зохиогдсон ДАШТ-нд оролцоод алтан медаль хүртэж, Дэлхийн хошой аварга болсон. Манай Паратаеквандогийн холбоо биднийг маш их дэмждэг. Үүний хүчинд би эдгээр амжилтыг гаргасан гэж бодож байна. Тиймээс холбооныхондоо, багш дасгалжуулагч, ивээн тэтгэгч байгууллагадаа баярлалаа гэж хэлмээр байна.

Тамирчдын санхүүжилтийн хувьд ихэвчлэн өөрсдөө гаргадаг бөгөөд ивээн тэтгэгч байгууллагуудаас санхүүждэг. Түүнчлэн саяны тэмцээнд явахад тамирчин О.Энхтүвшинзаяагийн зардлыг Эрүүл мэнд, спортын яамнаас даасан байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД