Монгол, Индонезийн хамтын ажиллагаанд парламент чухал үүрэгтэй гэв

2015 оны 10 сарын 05

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр буюу энэ сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Соегенг Рахарджог хүлээн авч уулзжээ. Тус уулзалтын эхэнд Элчин сайд Соегенг Рахарджо Индонез Улс, Монгол Улсын хооронд 1956 онд дипломат харилцаа тогтоосон болохыг дурдаад цаашид хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эрдэс баялаг, эрчим хүч, хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой бөгөөд үүнд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй гэдгийг онцоллоо.

Харин УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай олон талын харилцаагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг болохыг тэмдэглээд, энэ хүрээнд Индонез Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдаг гэв. Монгол Улс өнгөрсөн онд Жакарта хотноо Элчин сайдын яамаа нээсэн бөгөөд манай улсаас Бүгд Найрамдах Индонез Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдоёоногийн 2012 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлсэн юм.

Мөн түүнчлэн уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй болохыг тэмдэглээд, эдийн засаг, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД