“Универсиад-2033” наадмын бэлтгэл ажлыг хангах талаар санамж бичиг байгуулжээ

2015 оны 10 сарын 05

Өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гванжу хотноо болсон Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ Гүйцэтгэх хорооны хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, ОУОСХ-ны Ерөнхийлөгч К.Галльентай дэлхийн оюутны спортын өвлийн “Универсиад” наадмыг 2033 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах талаар хамтарсан “Санамж бичиг” байгуулсан.

Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан “Универсиад – 2033” наадамд бэлтгэх ажлын хэсгийг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Энэ сарын 6-10-ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын урилгаар ОУОСХ-ны өвлийн Универсиадын газрын дарга Милан Аугустин, өвлийн Универсиадын техникийн хорооны дарга Рот Рожер нар Улаанбаатар хотод айлчилж, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцах, наадамд бэлтгэх хэтийн төлөвлөгөөг боловсруулж, одоогийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан үнэлэлт дүгнэлт гаргах, ОУОСХ-той хамтран ойрын хугацаанд ямар ажлуудыг хэрэгжүүлэн ажиллахыг тодорхойлж, “Универсиад-2033” наадмын хүрээнд Улаанбаатар хотноо ямар барилга, байгууламж барих, юуг бэлтгэх, өвлийн төрлөөр оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээн авч зохион байгуулах боломжийн талаар судалгаа хийх аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД