Паралимпод оролцох тамирчдад туслах хандивын тоглолт болно

2015 оны 10 сарын 02

“Дэлхийн таягтны өдөр”-т зориулсан сайн санааны хандивын тоглолт энэ сарын 14-нд зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, “Рио 2016” паралимпийн эрх олгох хонхот бөмбөгийн Азийн АШТ БНХАУ-ын Ханжу хотод ирэх арваннэгдүгээр сарын 5-13-нд болох боловч тус тэмцээнд манай улсаас оролцох 12 тамирчны зардлыг холбооноос нь ивээн тэтгэх боломжгүй болоод байгаа аж. Тиймээс тэмцээний зардлаа бүрдүүлэх зорилгоор сайн санааны хандивын тоглолтыг энэ сарын 14-нд 19.00 цагаас “UB Place”-д зохион байгуулахаар болжээ. Тасалбарын үнэ 12 мянган төгрөг бөгөөд хамгийн хямдаар тооцоход нэг тамирчинд ойролцоогоор 2.6 сая төгрөг шаардлагатай байгаа талаар холбогдох албанаас мэдээлсэн юм.

Энэ талаар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Туулаас тодрууллаа.Тэрээр хэлэхдээ “Хамгийн хямдаар тооцоход нэг тамирчинд ойролцоогоор 2.6 сая төгрөг шаардлагатай байна. Бид төрийн гурван өндөрлөг, ЭМСЯ-нд хандаж, дэмжлэг хүссэн. Харамсалтай нь нааштай хариу ирээгүй. Тиймээс “Яах уу. Хэн туслах бол” гэж зүгээр суулгүй тамирчдынхаа тэмцээний зардалд дэм болох зорилгоор энэ тоглолтыг зохион байгуулж байна. Нийт 2900 билет борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 200 гаруй нь худалдагдаад байна. Билет нь 12000 төгрөгийн үнэтэй. Бид “UB Place”-ийг 4.5 сая төгрөгөөр түрээслэсэн. Энэ дашрамд манай тамирчдыг дэмжиж, энэ тоглолтыг ирж үзээрэй гэж Монголын ард түмэндээ уриалъя” гэлээ. Сонирхуулахад, манай тамирчид Азийн АШТ-д хамгийн анх 2013 онд оролцсон түүхтэй. Хонхот бөмбөгчид “Инчён 2014” Азийн наадам болон олон улсын тэмцээнүүдэд оролцож, ур чадвар, амжилт нь жилээс жилд ахиж байгаа билээ. 


 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД