Ашигт малтмалын газраас залруулга хийжээ

2015 оны 10 сарын 01

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн олгож  эхэлсэнээс хойш нийт 1.703 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байгаа талаар өнөөдөр Ашигт малтмалын газраас мэдээллээ. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 1.626 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 62 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-28, Сингапур-9, Австрали-4, Канад-5, Люксенбургийн вант улс-3, бусад-13/, 15 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.

Мөн өнгөрсөн сарын 25-ны байдаар цахим хэлбэрээр 2.595 өргөдлийн дугаар олгосон бөгөөд үүнээс 1.357 өргөдлийг хүлээн авч шүүлт хийсэн. Ингээд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хянан үзэж 490 тусгай зөвшөөрөл шинээр олгосон ба тусгай зөвшөөрөл олгох боломжтой 446 өргөдлийг холбогдох аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлээд байна.

Улсын төсөвт энэ оны нэгдүгээр сарын 01-нээс өнгөрсөн сарын 28-ныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөрөөр 28.0 тэрбум төгрөг, үйлчилгээний хөлсний төлбөрөөр 991 сая төгрөг, хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх олгох үйлчилгээний хөлсөөр 1.4 тэрбум төгрөг, өргөдлийн дугаар олгох цахим системд нэвтрэх эрхийн төлбөр 1.7 тэрбум төгрөг, нийтдээ 32.1 тэрбум тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Түүнчлэн өнгөрсөн сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар олгох явцад систем гацсан бөгөөд шалтгааныг тогтоохоор Тагнуулын ерөнхий газар, тус байгууллагын харъяа Кибер аюулгүй байдлын газар, Ашигт малтмалын газар, Үндэсний дата төв болон Эрүүгийн цагдаагийн газрын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллаж, шуурхай арга хэмжээ авсан байна.

ТЕГ-ын харьяа Кибер аюулгүй байдлын газраас системд шалгалт хийсэн бөгөөд эцсийн дүгнэлтээр системийн кодод алдаа гарсан учраас системийн хоёрдугаар сервер унтарч, ассан. Санаатай хүний хүчин зүйлээс шалтгаалсан буюу халдлагын шинж чанартай зүйл байхгүй гэж дүгнэсэн.

Системийн хэвийн ажиллагааг бүрэн хангаж, хайгуулын тусгай зөвшөөрлийн дугаарыг цахимаар олгох ажил амжилттай явагдсан.

Ашигт малтмалын тухай хуулийн  19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9-д заалт, Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн нэр бүхий арван талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сарын 25 –ны өдөр зарласан.

Сонгон шалгаруулалтад оролцох саналыг өнгөрсөн сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэлх хугацаанд Ашигт малтмалын газрын 207 тоот өрөөнд Сонгон шалгаруулалтын комиссын нарийн бичгийн даргад биечлэн хүлээлгэн өгөхөөр саналын урилганд заасан. Тус саналыг хүлээн авах ажлыг будлиантай явуулсан, аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрсөлдөх эрх ашгийг боогдуулсан, эсвэл бусад аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон гэх мэдээлэлд Ашигт малтмалын газрын зүгээс дараах няцаалтыг хийж байна:

Нэгдүгээрт, Уул уурхайн сайдын 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” батлагдсан. Энэхүү журамд Уул уурхайн сайдын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 126 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтийн Хууль зүйн яаманд бүртгүүлсэн. “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын шинэчлэгдсэн хувилбарыг байгууллагын цахим хуудсанд байршуулсан бөгөөд Уул уурхайн сайдын дээрх тушаалуудыг www.legalinfo.mn цахим хуудаснаас харах боломжтой.

Хоёрдугаарт, аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн санал журамд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгаж бүртгэлийн дэвтэрт бүртгэн, санал хүлээн авсан тухай тодорхойлолт өгөхөд дунджаар таван минутын хугацаа зарцуулагдсан. Зарим аж ахуйн нэгж 2-3 талбайд санал ирүүлснээс шалтгаалан 10-15 минутанд саналыг бүртгэсэн.

Гуравдугаарт, тухайн сонгон шалгаруулалтын эхний саналыг өнгөрсөн сарын 24-ний өдрийн 09 цаг 55 минутанд, сүүлчийн саналыг өнгөрсөн сарын 25-ны өдрийн 17 цаг 00 минутанд бүртгэсэн. Сонгон шалгаруулалт зарласан 10 талбайд нийт 24 аж ахуйн нэгжийн 28 санал бүртгэгдсэн байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД