Шатахууны бөөний үнэ 300 төгрөгөөр буурчээ

2015 оны 09 сарын 30

Уул уурхайн яамнаас өнөөдөр “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим асуудлаар мэдээлэл хийсэн юм.

Тодруулбал, шатахууны бөөний үнэ 300 орчим төгрөгөөр буурсан байна. Шатахуун импортлогч компаниуд энэ сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байгаа бөгөөд 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251.6 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байгаа аж. Нөгөөтэйгүүр газрын тосны үнийн бууралтаас шалтгаалан манай улсаас экспортод гаргадаг газрын тосноос 2015 оны улсын төсөвт төвлөрүүлэх орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасалдахаар болоод байгаа талаар мэдээлэв.

“Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байгаа ч, үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулахад анхаарч ажиллаж байгаа юм байна.

Мөн түүнчлэн алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлснөөр энэ оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж буй шатахууны литр тутмын үнэ 300 гаруй төгрөгөөр буурч 1390 орчим болсон байна. Мөн энэ сараас эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй үнэ литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буураад байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дах шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна.

Алслагдсан хөдөө орон нутгийн шатахууны үнийг бууруулах үүднээс манай улсын төвийн бүсийг хангаж буй гол хилийн боомтоос бусад боомтоор импортлож байгаа шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг “0” байлгаж ирсэн. Энэхүү ялгавартай татварын зохицуулалт нь дунд хугацаандаа үр дүнгээ өгнө гэж үзэж байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид онцлон тэмдэглэсэн юм. Энэ үеэр тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

-Хөдөө орон нутагт шатахууны үнийг одоо байгаагаас илүү хямд байлгах боломж хэр байна вэ?

-Хөдөө орон нутагт түлш тээвэрлэхэд тээврийн зардал нэмэгддэг. Тэрнээс биш хөдөө орон нутгийг хямд түлшээр хангах боломжийг судалж байгаа. Баруун гурван аймгийн зарим компани ОХУ-аас хямд түлш оруулж ирэх эхлэлийг тавьж байна. Үүнийг Уул уурхайн яамнаас дэмжиж ажиллах болно.

-Ашигт малтмалын газрыг АТГ-т өгсөн байсан. Энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу?

-Ачааллаас болоод серверт хэд хэдэн гэмтэл гарч байгаа. Үүнийг шийдвэрлэх тоног төхөөрөмжийг оруулж ирэх санхүү, төсөв одоогийн байдлаар алга байна. Сүүлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн байсан. Тэр тал дээр залруулга хийх нь зүйтэй байх. Манайд хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр төрлөөр олгож байгаа. Сонгон шалгаруулалт бол Уул уурхайн сайдын тушаалаар батлагдсан журмын дагуу явагддаг. Сонгон шалгаруулалтыг олон нийтийн хэвлэлээр зарласны дараа нэг сарын хугацаанд  материалыг хүлээж авах учиртай. Хугацаа дуусах дөхөх тусам компаниудын хүсэлт ихсэж, ажилтнууд өндөр ачаалалтай ажиллаж байгаа. Нэг компанийг бүртгэхэд дунджаар таван минутыг зарцуулдаг. Гэтэл олон хүсэлт ирсэн учир нэмж ажилтан ирүүлж нэг компанид хоёр орчим минутыг зарцуулсан юм билээ. Үүнийг аль нэг аж ахуйн нэгжид давуу эрх олгосон хэмээн буруутгасан байсан. Түүнчлэн гомдол гаргасан компани энэ сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтад оролцох материалыг Ашигт малтмалын газраас авсан байсан. Тэгэхээр 17 цагт хугацаа нь дуусах ёстой байтал тухайн өдөр нь материалыг хүлээж аваад бүрдүүлж өгнө гэдэг учир дутагдалтай юм.

-Оюутолгойн эхний санхүүжилт хэзээ орж ирэх төлөвтэй байна вэ?

-Оюутолгойн санхүүжилтын хувьд олон улсын банк санхүүгийн байгууллагаас санхүүжилт босгох боломжтой. Үүний тулд ТЭЗҮ нь бэлэн болсон байх шаардлагатай. Сүүлийн мэдээллээс харахад далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт энэ оны сүүлчээр тодорхой болно.

-Японы талаас Тавантолгойд оролцох санал тавьсан. Энэ талаар?

-Японы Сүмитомо корпораци сонгон шалгаруулалтад оролцоод явж байгаа. Гэхдээ олборлох үйл ажиллагаанд оролцохгүй, харин олборлосон нүүрсийг олон улсын зах зээлд борлуулах, маркетингийн ажилд оролцоно гэж бодож байна. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 gah gah gah,
172.101.82.153 gah gah gah,