”Нийслэл иргэдийнхээ халаас руу гараа дүрж байна”

2015 оны 09 сарын 30

Засгийн газраас “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн төслийг боловсруулж УИХ хуульчлан баталж ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон. Тодруулбал, Нийслэл хотын албан татварын тухай хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ  үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн архи тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан байна. Мөн нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан 0-1.0 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батлахаар тусгажээ. Гэтэл үүнийг НИТХ дахь МАН-ын бүлэг эдийн засаг хүндрэлтэй, ард иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авах чадвар эрс буурч байгаа энэ үед ийнхүү хамгийн өндөр буюу 1.0 хувиар тогтоолгохоор төсөлд тусгасан нь цаг үеэ олоогүй, иргэдээ бодоогүй шийдвэр хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм. Иймээс Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг эдийн засгийн таатай нөхцөл байдал бий болтол, иргэдийн амьдрал ахуй тогтвортой болох тэр цаг хугацааг хүртэл 0 хувиар тогтоох саналыг хүргүүлсэн аж. Энэ талаар Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Амарбаясгалангаас тодрууллаа.

-Нийслэлийн албан татварыг 1.0 хувьд хүргэх журмыг Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүцэж байгаа. Тэгээд одоохондоо 0 хувьд хүргэх саналыг дэвшүүлсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Журмыг хэлэлцэх үеэр бид өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Энэ бол иргэдийнхээ талх, гурилны мөнгө рүү гараа дүрсэн хэт явцуу, эзнээ олоогүй хууль болсон. Архи, тамхины хэрэглээг хязгаарлах зорилготойгоор энэхүү журмыг баталж байгаа гэж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Үнэхээр л тийм зорилготой байсан бол зөвхөн архи, тамхины хүрээнд тогтоож болох байсан. Гэтэл үүний цаана талх, шөл зэрэг рестораны бараа, үйлчилгээн дээр бас татвар тавьсан. Тэгчихээд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэр хорооллынхон ресторанд хооллодоггүй гэж ярьсан байсан нь угтаа бол доромжлол юм. Энэхүү журмын цаана нь иргэдээс авч буй татвараар өөрсдийн төсвийн алдагдлыг нөхөх зорилго агуулагдаж байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв өнөөдөр 80 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байгаа. Мөн өөрсдийнхөө урсгал зардлыг танахгүйгээр олон үр ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийж хаячихаад иргэдийн мөнгөөр алдагдлаа нөхөх нь зохисгүй үйлдэл юм.

-Нэгэнт УИХ болоод Нийслэлийн УТХ-аар журмыг нь баталчихсан асуудал. Тиймээс та бүхэн эсэргүүцээд хэр үр дүнд хүрнэ гэж бодож байна вэ?

-1994 оноос хойш татварын хувь хэмжээг нэмэх асуудлыг нийт долоон удаа хэлэлцсэн байдаг ч тэр бүртээ дэмжигдэж чадаагүй. Учир нь иргэдийн амьдралын түвшин болоод худалдан авах чадварыг харгалзан үзэж, татварын хувь хэмжээг нэмэх боломжгүй гэсэн шийдвэрт хүрч хойшлогддог байсан. Тэгээд “Нийслэл хотын албан татварын тухай” хуулийн есдүгээр зүйлийн 9.2-т зааснаар “Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-1 хувийн хязгаарт багтаан Нийслэлийн ИТХ батална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, бидэнд 0 хувьд болгох боломжийг энэхүү хууль олгосон байгаа юм. Тиймээс бид иргэдийн амьдрал ахуй тогтвортой болж, эдийн засгийн таатай нөхцөл байдал бий болтол албан татварын хувь хэмжээг 0 хувь болгох хүсэлтэй байгаа юм.

-Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Япон улсад оршин сууж буй нийт иргэд иргэний харьяаллаас үл хамааран  “Оршин суугчдын татвар”-ыг төлөх үүрэг хүлээдэг” хэмээн дэлхийн орнуудын туршлагаас ярьж байсан. энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Нийслэлийн цалин тэтгэврээс бусад дансыг Сангийн яамнаас хаасан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын ажил цаашлаад хөрөнгө оруулалтын гүйцэтгэлээр олгодог санхүүжилт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой урсгал зардлууд хаагдсан гэсэн үг. Мөн нийслэл хот эдийн засгийн хүндрэлтэй байдалд байгаа хэрнээ иргэдэд ирэх ачааг огт тооцож үзээгүй. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл олон улсын жишигийн талаар их ярьдаг. Гэвч үнэн хэрэг дээрээ Итали, Япон, Солонгос, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай өөрсдийгөө харьцуулах хэрэггүй. Учир нь тэдгээр улсын дундаж цалин манайхаас 5-6 дахин их байгаа. Тэгсэн хэрнээ өргөн хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүнийг тэр улсуудтай адилхан үнээр, заримыг нь илүү өндөр үнэтэйгээр худалдан авч байна. Яагаад гэвэл бид үйлдвэрлэгч, экспортлогч бус, импортлогч орон юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.101.82.153 buuur ileer shuu, heden tugrugiin tsalintai gej tatvariin daramt udur, sar bur nemeed bainaa, tegeed avch bgaa tatvar ni niisleliin udirdlaguud, hurliin tuluulugchdiin uramshuulald yavaad bna shuu dee.
172.101.82.153 buuur ileer shuu, heden tugrugiin tsalintai gej tatvariin daramt udur, sar bur nemeed bainaa, tegeed avch bgaa tatvar ni niisleliin udirdlaguud, hurliin tuluulugchdiin uramshuulald yavaad bna shuu dee.
202.179.20.155 Tsagaan tolgoit salga ubgun bol amidral medehgui mal hooson utopi ulger yarij ard irgediig mallan sanal avah tsag chin duussan
202.179.20.155 Salga ubguniig shuuhed ugj uchnuun ih nayad tugruguur yu hiisniig n asuuya
202.131.249.130 ene niitlelgiig demjij bna. tatvariig odooxondoo 0 % bailgax ni zuv uu