Багачууд цэцэрлэгийнхээ хонхны дууг жингэнүүллээ

2015 оны 09 сарын 29

Өнөөдөр Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын харьяа “Солонго” 236 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, 400 орчим хүүхэд цэцэрлэгтэй боллоо.

Өмнө нь Улаанбаатар төмөр замын олон улсын тасалбар худалдах төв байсан уг барилгыг анх хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар барьж байсан ч тухайн үед цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай хэмжээнд байсан учир Олон улсын галт тэрэгний тасалбар худалдах төв болгож байжээ. Харин энэ асуудлыг “Өнөөдөр” сонины сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг хөндөн, “Эзэнгүйдэл” цуврал нийтлэл бичиж нийгэмд цочрол өгч байсан аж. Үүнийг ч тус цэцэрлэгийн нээлтийн арга хэмжээний үеэр Улаанбаатар төмөр замын дарга Л.Пүрэвбаатар онцлон тэмдэглэсэн юм. Мөн энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Анх Улаанбаатар төмөр замын олон улсын тасалбар худалдах төвийг хүүхдийн цэцэрлэг болгох санааг хэрхэн гаргасан бэ. Нийт хэчнээн төгрөгийн төсвөөр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Улаанбаатар төмөр зам нийтдээ 27 цэцэрлэгтэй. Үүнд 5000 гаруй хүүхдийг элсэн суралцуулж байна. Хамгийн гол нь Улаанбаатар төмөр замын ажилчдыг хүүхэд болон ар гэрийн асуудалд санаа зоволгүйгээр тайван ажиллах боломжийг олгох зорилготой юм. Энэхүү барилгын хувьд өмнө нь манай олон улсын тасалбар түгээх төв байсан. Харин барилгын зориулалт, зураг төслийг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар барьж байсан юм. Үүнийг ашиглаж хүүхдийн цэцэрлэг байгуулах санааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж олсон. Учир нь өнгөрсөн оны эцсээс эхлээд хүүхдийн цэцэрлэгийн барилгыг зориулалтын бусаар ашигласан гэх асуудал хурцаар тавигдаж, нийтлэл, нэвтрүүлгүүд мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Түүнийг Улаанбаатар төмөр замын удирдлагууд хүлээж авч, нэн яаралтай шийдвэрлэх хэрэгтэй гэсэн шийдвэрт хүрч байсан юм.

-Цэцэрлэг хэдэн хүүхдийг хүлээж авах хүчин чадалтай вэ. Мөн Улаанбаатар төмөр зам нийт хэчнээн ажилтантай вэ?

-Манайд 15 мянган төмөр замчид ажиллаж байгаа. Тиймээс өнөөдөр энэхүү цэцэрлэгт аль болох олон хүүхдийг хүлээж авах зориулалтаар тохижуулсан. Тодруулбал, хүлээн авч чадах хэмжээнээсээ хоёр дахин нэмэгдүүлсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний ээлжинд 400 хүүхэд хүлээж авахаар зорьж байгаа. Мөн түүнчлэн Баянгол дүүргийн захиргаанд цэцэрлэгийн ойр орчимд гарц нээж, хүүхдээ хүргэж өгч буй эцэг эхчүүдэд зориулж зам талбай гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

-Тохижилтод нийт хэчнээн төгрөг зарцуулагдсан бэ?

-Одоогийн байдлаар нийтдээ 200 гаруй сая төгрөгийн тохижилтын ажлыг хийгээд байна.

Мөн түүнчлэн цэцэрлэгийг нээж УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд шинэ санал санаачлагаар манлайлан тэргүүлж, энэ сайхан цэцэрлэгийг барьж байгуулсан Улаанбаатар төмөр замын удирдлагууд, албан хаагчдад баярлаж байгаагаа илэрхийлмээр байна. Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын удирдлагууд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ бид хоёрт “Солонго” цэцэрлэгийг байгуулахад тодорхой хэмжээний санхүүжилт дутаж байгааг хэлж, хүсэлт тавьсан. Үүний дагуу өнгөрсөн долоо хоногт Баянгол дүүргийн ИТХ-ын хурлаар 38 сая төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэр гарсан. Цаашлаад удахгүй УИХ-ын чуулганаар Боловсролын тухай хуулийг хэлэлцэнэ. Учир нь эцэг эхчүүд хүүхдүүдэд өгөх хоолны шим тэжээл, калори хүрэхгүй байна, тиймээс нэмэлт санхүүжилт олгох гэхээр хуулиар зөвшөөрөхгүй юм гэсэн санал гомдлыг ирүүлсэн. Үүний дагуу бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллах болно” гэсэн юм. Энэ үеэр "Солонго" цэцэрлэгийн авьяастан багачууд урлагийн үзүүлбэр үзүүлж, тэнд хуран цугласан  эцэг эхчүүдийн сэтгэлийг баясгаж байлаа. Үүний дараа тэд цэцэрлэгийнхээ хонхны дууг жингэнүүлснээр цэцэрлэгийн багачууд эцэг эхийнхээ хамтаар шинэ ангидаа орсон юм.

Мөн “Солонго” 236 дугаар цэцэрлэгийн эрхлэгч М.Баярмаагаас цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүүхдийг элсүүлээд байгаа вэ?

-Улаанбаатар төмөр замын Хүүхдийн секторын харьяа “Солонго” хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийж, багачуудаа хүлээн авахад бэлэн болсонд маш их баяртай байна. Манай цэцэрлэг нийт найман бүлэгтэй, 200 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай. Гэхдээ бид хүчин чадлынхаа хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж ажиллаж байна. Тухайлбла, өнөөдрийн байдлаар 375 хүүхэд бүртгүүлсэн. Мөн найман бүлгийн найман багштай. Багш бүр бакалавр буюу түүнээс дээш цолтой.

-Бусад цэцэрлэгийг бодвол том багтаамжтай учир анги тус бүр унтлагийн өрөөтэй гэж байсан. Өөр ямар давуу талуудтай вэ?

-Нийслэлийн хэмжээнд тусдаа унтлагын өрөөтэй цэцэрлэг олон бий. Гэхдээ Улаанбаатар төмөр замын харьяа цэцэрлэгүүдээс хамгийн томд тооцогдоно. Ганцхан бүлэг л биеийн тамирын заал болгон ашигласан болохоос биш бусад бүх бүлэг тусдаа унтлагын өрөөтэй. Түүнээс гадна бүлэг тус бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байгаа. Жишээлбэл, мөрөөдлийн анги, дүрслэн урлах төв гэх мэт. Цаашлаад хүүхдүүд анги дамжин суралцаж, өөрсдийгөө илүү нээж хөгжүүлэх боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

-Харин бүлгүүдийн хувьд?

-Сүүлийн жилүүдэд төрөлт их байсан учир бага настнуудын тоо эрс нэмэгдсэн. Найман бүлгийн хүүхдүүдийн 50 хувь нь хоёр настнууд байгаа. Дараа нь хоёр дунд бүлэг, нэг ахлах, нэг бэлтгэл ангитай, 31 ажилтантайгаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД