Ахмад дайчид Чөлөөлөх дайны дурсгалын медалиар шагнууллаа

2015 оны 09 сарын 28

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголын таван ахмад дайчинд ойн дурсгалын медаль гардуулах зарлиг гаргасан байна. Тус үйл ажиллагаа манай улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яаманд өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр болж өнгөрлөө. Уг дурсгалын медалийг БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син Хай минь гардуулж өгсөн бөгөөд Монголын талаас Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр болоод Төрийн нарийн бичгийн дарга, хошууч, генерал Ц.Болдбаатар нар оролцсон юм.

Дурсгалын медалийг 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан Г.Хэнгэрэг, Г.Батмөнх, Ж.Үнэнбат, Л.Данзан, В.Аюурзана гэсэн таван ахмад дайчинд гардуулан өгөх шийдвэр гаргасан ба БНХАУ-ын дарга Си Жиньпиний зүгээс зөвхөн Монгол Улсын  дайчдад талархлаа илэрхийлэн энэхүү медалийг гардуулан өгч байгаа юм. Ойн медалийг ахмад дайчдаас гадна  БНХАУ-ын Бээжин хотын талбайд цэргийн ёслолын жагсаалд ёслол төгөлдөр оролцсон Монголын 80 гаруй дайчинд гардуулж өгөөд байна. Энэхүү үйл ажиллагааг хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлж эхлүүлсэн бөгөөд БНХАУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Син хай минь үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, ялалт байгуулсан Монгол дайчдын түүхэн амжилтыг өндрөөр үнэлж, БНХАУ-ын Засгийн газраас ойн дурсгалын медалиар шагнаж байгаа нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаа хэрэг хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Харин Батлан хамгаалах яамны дэд сайд А.Баттөр хэлэхдээ “Юуны өмнө 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан манай ахмадуудад БНХАУ-ын Засгийн газраас өндөр дээд шагнал гардуулж байгаад ахмад дайчдынхаа нэрийн өмнөөс болоод Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс БНХАУ-ын Элчин сайдад баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна. Чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудын маань төлөөлөгчид энд хүрэлцэн ирсэн байна. Ахмадуудыгаа хүндэлж, асран хамгаалах үүргийг бид бүхэн хүлээж байгаа. Жишээлбэл, тэднийг орон сууцаар хангах, тэтгэвэр тэтгэмж олгох зэрэг олон ажлыг Батлан хамгаалах яамны зүгээс хийж зохион байгуулж байгаа юм. Чөлөөлөх дайнд Монгол Улс оролцсон явдал нь хоёр орны хоорондын харилцааны түүхэнд гарсан хамгийн гэрэл гэгээтэй, зурвас үе байсан. Энэхүү түүхэн ойг хоёр талдаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Чөлөөлөх дайнаас хойш анх удаа Монголын дайчид дайны ялалтыг тэмдэглэх ойн баярт зориулсан арга хэмжээний үеэр БНХАУ-ын Төв талбайд алхсан нь хоёр орны хоорондын харилцааг шинэ түвшинд гаргасан сайхан зүйл болж өнгөрснийг онцлон тэмдэглэмээр байна. Тиймээс Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчиддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, та бүхнээрээ бахархаж явдаг шүү гэж хэлье” гэлээ.  

Үүний дараа Чөлөөлөх дайнд оролцсон ахмадуудыг төлөөлж ахмад дайчид Г.Батмөнх үг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ “Би 1939 он болоод 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон. Дайны үед бид өөрсдийн яс махны тасархай болох Өвөрмонголын ард түмэн болоод Хятадын ард түмнийг чөлөөлөхийн төлөө бүхий л чадлаа дайчлан ажилласан. Үүний дараа хоёр орны ард түмний хоорондын харилцаа улам гүнзгийрч, бэхжиж байсан. Ингээд Монголын арми улам хүчирхэг болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

Ахмад дайчид Ж.Үнэнбат: Бид Өвөрмонголын ахан дүүс болоод Хятадын ард түмнийг чөлөөлөхөөр дайтаж явсан. Даалгавраа ч амжилттай биелүүлсэн. Тиймээс тэр хичээл зүтгэлийг минь ингэж өндрөөр үнэлсэнд баяртай байна. Тэрхүү дайны өдрүүдэд Монгол дайчидтайгаа хамт мөн зэрэгцэн зогсоно гэдэг миний хамгийн том бахархал байсан юм шүү.

Ахмад дайчин В.Аюурзана: Манай анги нэгтгэлийн дарга Янтайсүрэн гэдэг хүн байсан. Сүүлд Улсын баатар цол авсан. Түүний удирдлага дор 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, арын албанд ажиллаж явсандаа маш их баяртай байдаг. Мөн өнөөдөр энэ бүх хичээл зүтгэлийг минь өндрөөр үнэлж шагнасанд баярлаж байна.

Дашрамд дурдахад, дээрх таван ахмад дайчид бүгд 1939 он болоод 1945 оны дайнуудад оролцож явсан бөгөөд Батлан хамгаалах яамны зүгээс БНХАУ-д санал болгож, тодорхойлолтыг нь хүргүүлсэн байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД