”Нуун дарагдуулсан хөрөнгийг ил болгоно”

2015 оны 09 сарын 28

Сангийн яамнаас Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, УИХ-ын өнгөрсөн сарын 07-ны өдрийн хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлын тухай” хуулийг эцэслэн баталсан. Энэхүү хуулийн хүрээнд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулсан байна.

Иймээс хэвлэлийн бага хурлын үеэр Энэ талаар Сангийн дэд сайд С.Пүрэв ”Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох журмыг Засгийн газар наймдугаар сарын 31-ны өдөр баталсан. Тус журамд хуулийг хэрхэн хэрэгжүүлж, зохион байгуулах талаар тусгасан  бөгөөд тогтоолын дагуу Сангийн яам, МҮХАҮТ холбогдох бусад олон нийтийн байгууллагууд хамтарч хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хуулийн зорилго нь татварын бүртгэл тооцоог сайжруулах, далд эдийн засгийг багасгаж хөрөнгө оруулалтын урсгалыг сайжруулах, бизнес эрхлэгчдэд цаашид шударгаар үйл ажиллагаа явуулах боломжийн эхлэлийг бий болгож буйгаараа ач холбогдолтой. Энэхүү хуулийн хамрах хүрээ нь 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд хөрөнгөө нуун дарагдуулсан бол түүнийг ил тод болгоход оршино. Түүнчлэн 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор ил тол болгох үйл ажиллагааг гүйцэтгэх ёстой гэсэн зохицуулалтыг хуулинд тусгасан. Гэхдээ хуулиар тогтоосон хариуцлагаас нэг л удаа чөлөөлөхөөр тусгасан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Хуульд хамрагдах хөрөнгө орлого, үйл ажиллагааг ил болгосон хувь хүн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл нууц байна” гэлээ.