Тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, иргэдэд 234.9 сая төгрөгийн хохирол учруулжээ

2015 оны 09 сарын 28

ШӨХТГ-аас авто машины дугуй түгжихийн шүүх хурлын шийдвэр, авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр, зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, гарал үүсэл болоод их сургуулиудын сургалтын төлбөр нэмэгсэн зэрэг асуудлууд зэрэг хяналт шалгалт хийсэн байна. Харин өнөөдөр тус хяналт шалгалтуудын дүнг олон нийтэд мэдээлэв. Мөн тус хэвлэлийн бага хурлын үеэр ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханаас зарим зүйлийг тодруулсан юм.

Тээврийн хэрэгслийн дугуйг хууль бусаар түгжиж,

их хэмжээний хохирол учруулжээ

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнгөрсөн оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг илт хууль бусад тооцож, тус шийдвэрийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн байдлаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж нийт 234.9 сая төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж, иргэдэд онц их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоожээ.

Тухайлбал, тус шийдвэрээс үүдэн ШӨХТГ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалж, үүссэн хохирлыг нөхөн барагдуулах ажлыг зохион байгуулж, уг журмыг хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ сарын 24-ний өдөр хэлэлцээ илт хууль бусад тооцсон байна. Мөн автомашин ачсаны улмаас иргэдэд хууль бус төлбөр ногдуулсан хэрэг гарч, үүний анхан шатны шүүх хурал ирэх сарын 03-ны өдөр болох аж.

-Дээр дурдсан хохирлын тоо баримт өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн тоо баримт юм байна. Үүнээс хойш ШӨХТГ-т үүнтэй төстэй гомдол ирсэн үү?

-Нэмээд гомдол санал ирж байгаа. Тус гомдлыг тус бүрд нь тэмдэглэж аваад, нийт хэдэн иргэнд хэчнээн төгрөгийн хохирол учирсныг тооцоолоод, улмаар иргэдийг хохиролгүй болгох ажлыг давхар зохион байгуулж байгаа.

-Тус журмыг илт хууль бусад тооцсоныг дугуй түгжигч компаниудад мэдэгдсэн үү?

-Мэдэгдлийг дугуй түгжигч компани тус бүрд хүргүүлсэн. Мөн түүнчлэн захиргааны арга хэмжээ авна. Тодруулбал, нийт 16 аж ахуйн нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гартал арга хэмжээ авахыг түр түдгэлзүүлсэн байгаа.

“Авто худалдааны цогцолбор” нь аж ахуй эрхлэгчдийн

эрх ашгийг хөнджээ

Нийслэлд “Авто худалдааны цогцолбор”-ыг байгуулж, ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарсан. Үүний дагуу тус чиглэлийн худалдаа эрхлэгчид, МҮХАҮТ-ын дэргэдэх захуудын үйл ажиллагааг дэмжих зөвлөлөөс ШӨХТГ-т гомдол ирүүлсэн байна. Тус гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ. Нэгдүгээрт, хуульд заасан үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан. Тухайлбал, эдгээр захуудын үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль, дүрэм журам, холбогдох стандартуудыг зөрчсөн нь тогтоогоогүй. Хоёрдугаарт, агаар болон хөрсний бохирдлоос сэргийлэх гэсэн үндэслэлийг тавьсан боловч мэргэжлийн байгууллагаас агаар болон хөрсний бохирдолд ямар байдлаар нөлөөлж байгаа талаарх тодорхой дүгнэлтийг гаргаагүй.

-Аж ахуй эрхлэгчдийн эрх ашгийг хөндсөн гэсэн. Тухайлбал, ямар заалтуудыг зөрчсөн бэ?

-Бидний зүгээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж байгаа. Бусад авто захуудыг нүүлгэн шилжүүлж, авто худалдааны цогц үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр аж ахуй эрхлэгчдийн хууль заасан эрх ашгийг хөндөх, хязгаарлахад чиглэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Тодруулбал, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д “Аж ахуй эрхлэгчийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахыг хориглосон буюу хягаарласан”, 13.2.3-т “Тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсвэл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн”, 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн” гэж заасныг тус тус зөрчсөн.

-Аж ахуй эрхлэгчид гомдол гаргасны дагуу хяналт шалгалт хийсэн гэсэн. Нийт хэчнээн иргэн гомдол гаргасан бэ?

-“Даа хүрээ”, “Өгөөмөр”, “Даймонд”, “Монбэт”, “Старт” зэрэг автомашин, тээврийн хэрэгслийн сэлбэг, хэрэгсэл худалдаалах төвийн аж ахуй эрхлэгчид гомдол гаргасан гэж хэлж болно.

Импортоор оруулж ирсэн зарим бараа бүтээгдэхүүний аль улсаас

оруулж ирсэн нь тодорхойгүй

Мөн түүнчлэн ШӨХТГ-аас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, шошгожилт зэрэгт хяналт шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрчээ.

Тодруулбал, импортоор оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний гарал үүслийг тэмдэглээгүй, хаанаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй, үүгээрээ хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зөрчил илэрсэн. Жишээлбэл, “Цайны ертөнц” ХХК-ийн “Найман тахилтай цай”, “Стимо” ХХК-ийн “Гүрж ногоон цай”, Миний сүлжээ элгүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа”, “Бамаш”, “Тэмүүлэн маш” ХХК-ийн худалдаалж буй цагаан будаа, “Таван богд интернэйшнл” ХХК-ийн “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэсэн улс орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн нэр, хаяг бичигдээгүй байсан. Эдгээр нь MNS CAC 1:2007 савласан бүтээгдэхүүний шошгожилтод тавих ерөнхий шаардлага стандартын шаардлагыг хангаагүй аж.

Тиймээс зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлж, хяналт тавин ажиллаж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД