Уур амьсгалын бага хурал нь дэлхий ертөнцийг зөв замд оруулах боломж юм

2015 оны 09 сарын 28

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумын "Хотын ногоон хөгжил" сэдэвт хуралдаанд оролцогчдын хамтарсан мэдэгдлийг Парис хотноо зохиогдох Уур амьсгалын бага хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгажээ. Тус мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Энэ сарын 21-22-ны өдрүүдэд  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод хуралдсан Зүүн хойд Азийн Хотын дарга нарын Форумын «Хотын ногоон хөгжил» сэдэвт хуралдаанд оролцогчид бид энэхүү цаг үеэ олсон санаачилга гаргаж, хурлыг сайн зохион байгуулан, биднийг найрсгаар хүлээн авсан Улаанбаатар хотын Захиргаанд чин сэтгэлээсээ талархаж  байна. Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо үүсгэн байгуулснаас хойш нэг жилийн дараа Зүүн хойд Азийн хотууд харилцан мэдээлэл солилцож, өөрсдийн ололт, амжилтаасаа хуваалцахаар ийнхүү сэдэвчилсэн хуралдаан зохион байгууллаа.

Хуралдааны үндсэн сэдэв нь “хотын ногоон хөгжил”-ийн асуудал байлаа. Оролцогчид энэ сэдвээр санал бодлоо солилцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын туршлагаас хуваалцлаа. Зүүн хойд Азийн хотуудын хөгжил эхэн үедээ байгаль орчныг бохирдуулдаг байсан бол одоо бүс нутгаар тогтохгүй ач холбогдолтой байхаар асуудлыг шийдвэрлэхэд Зүүн хойд Азийн хотууд холбогдох үүрэг хүлээх болж байгааг оролцогчид тэмдэглэлээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

  • Хотын ногоон хөгжлийн сорилтууд, чиг хандлага ба стратеги
  • Ногоон дэд бүтэц
  • Ногоон амьдралын хэв маяг ба боловсрол
  • Хотын цэвэр болон тогтвортой эрчим хүч
  • Хотын эрчим хүчний хэмнэлттэй орон сууц ба барилгажилт
  • Хотын тогтвортой усны менежмент
  • Хотын ногоон хөгжлийн санхүүжилтийн механизм: Боломжууд ба сорилтууд

Парис хотноо болох Уур амьсгалын бага хурал нь засгийн газрууд дэлхий ертөнцийг зөв замд нь оруулахын төлөө санаа зорилгоо нэгтгэн, зоригтой шийдвэр гаргах нэг боломж юм. Үүний тулд, туршлага болон сайн практикаа харилцан солилцох замаар хотууд өөр хоорондоо болон засгийн газруудтайгаа улам ойр яриа хэлэлцээ хийх шаардлагатай. Зүүн хойд Азийн хотуудын хувьд өөрсдийн холбогдох хотод шаардлагатай бүхнийг хийх зориг төгөлдөр байна.

Парисын Уур амьсгалын бага хуралд оролцож, төлөөлөгчдөд нь Зүүн хойд Азийн Хотын дарга нарын форумын Сэдэвчилсэн хуралдааны үр дүнг танилцуулахыг Улаанбаатар хотын захирагч ноён Э.Бат-Үүлд оролцогчид хүсэлт болгож байна.

Оролцогчид халуун дотноор хүлээн авсан Улаанбаатар хотын иргэдэд талархал илэрхийлж, Улаанбаатарыг орчин үеийн, хөгжин цэцэглэсэн хот болгох талаар олсон ололт дэвшилд нь баяр хүргэж байна.
АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД