Японы ард иргэдэд гүн талархал илэрхийлжээ

2015 оны 09 сарын 25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Токио хотын даргын урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд тус хотод айлчилж буй. Тус айлчлалын хүрээнд Токио хотын Захирагч Ёочи Масүзоэтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “1990-ээд оны үед Монгол Улсад тулгарч байсан эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Япон Улсын ард түмэн маш их дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд нийт ард иргэдэд гүн талархлаа илэрхийлье” хэмээн тодотгон хэллээ. Тэрээр Улаанбаатар-Токио хотын хооронд ах дүүгийн найрсаг харилцааг тогтоож, хамтын ажиллагааг бүх талын салбарт хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. Харин Токио хотын Захирагч Ё.Масүзоэ урилгыг маань хүлээн авч Токио хотод айлчлал хийж буйд талархал илэрхийлээд хоёр хотын түншлэлийн харилцааг бэхжүүлж, бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх техник технологи, замын хөдөлгөөний ачаалал , ногоон байгууламж, нийтийн тээврийн төлөвлөлт зэрэг чиглэлээр өөрийн хотын туршлагаас хуваалцаж хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн айлчлалын үеэр Нийслэлийн Засаг дарга Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Наоки Такашиматай уулзаж хоёр хотын харилцааг гүнзгийрүүлж  аялал жуулчлал, нийгмийн хөгжлийн салбар хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байгаагаа уламжлав. Токио хотын Ассамблейн ерөнхийлөгч Н.Такашима Олимпийн XXXII наадмыг 2020 онд Токио хотод зохион байгуулахад дэмжсэнд талархал илэрхийлээд хоёр хотын харилцааг бэхжүүлэх саналыг дэмжиж аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД