”Нүүрс” хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөхийг Төр засгаас хүслээ

2015 оны 09 сарын 25

Шинэчлэлийн Засгийн газар 2012 оноос хойш "Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Тухайн үед гэр хорооллын иргэдэд  40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр борлуулж байсан нь амьжиргааны төвшин доогуур өрхөд төдийгүй гэр хорооллын дийлэнх иргэдийн сэтгэлд нийцсэн арга хэмжээ болсон гэж ард иргэд хэлж байсан юм. Харин тус хөтөлбөрийг зогсоосноор нүүрсний үнэ огцом өсч, ард иргэд түлээ, нүүрсээ худалдаж авч чадахгүйд хүрээд байгаа аж. Энэ талаар өнөөдөр гэр хорооллын иргэдийн төлөөллүүд мэдээлэл хийж, "Нүүрс" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөхийг Төр засгаас хүслээ.

Иргэн Б.Сувд: "Нүүрс" хөтөлбөр олон өрхийг ажилтай, орлоготой болгож байсан

"Нүүрс" хөтөлбөр ард иргэдэд маш их үр өгөөжөө өгсөн хөтөлбөр болсон. Би "Нүүрс" хөтөлбөрт хоёр жил орчим хугацаанд ажилласан. Энэ хугацаанд 40 кг нүүрс 3200 төгрөгөөр худалдагддаг байсан бол өнөөдөр "Хангай" зах дээр жижиг шуудайтай 20-хон кг нүүрс 3000 төгрөгийн ханштай байна. Энэ бол зохиомол тоо биш. Зах дээр ийм ханштай байхад ченжүүд ямар үнээр зарах нь ойлгомжтой шүү дээ. Дор хаяж 300-500 төгрөг нэмж зарна. 40 кг нүүрсийг айлууд хоёр хоног түлдэг бол зарим айлд гурав ч хонодог гэсэн. Намайг "Нүүрс" хөтөлбөрт ажиллаж байх үед цаг агаар бага зэрэг л хүйтрэхэд хүмүүс түлээ, нүүрсээ нөөцлөөд авчихдаг байсан болохоор заримдаа хүрэлцдэггүй байсан. Тэгэхээр хүйтрэх тусам өнөөдрийн ханш улам өсөх болно. 

Харин ажлын байрны хувьд эхний жил 1000 гаруй хүн ажиллаж байсан бол дараагийн жилд нь 835 хүнийг ажлын байртай болгосон. Хамгийн гол нь нас хүйс харгалзахгүйгээр ажиллуулж, ажилчдын эрүүл мэнд болоод нийгмийн даатгалыг төлдөг байсан. 800 орчим хүний эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлөхөөр улсад тэр хэмжээний татвар орж ирдэг гэсэн үг. Тэр үед бидний дундаж цалин 600-900 мянган төгрөг байсан. Тиймээс Монголын 800 гаруй өрхийг орлоготой болгож, хоолтой нь залгуулж байсан энэхүү хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөөч гэж Төр засгийн удирдлагуудаас хүсч байгаа юм.

Иргэн Ц.Доржготов: Нэг айл өдөртөө л түлээ, нүүрсэнд 4000 төгрөг зарцуулахаар яаж амьдрах юм бэ

"Хангай" зах дээр 20 кг-ийн нэг жижиг шуудай нүүрс 3000 төгрөгийн ханштай байна гэсэн судалгаа гарсан байна. Гэхдээ яг бодит байдал дээр 4000-4500 төгрөгөөр борлуулагдаж байгаа. Тэгэхээр нэг айл өдөртөө л түлээ, нүүрсэндээ 4000 төгрөг зарцуулахаар яаж амьдрах юм бэ. Энэ нь ард иргэдийн амьдралд үнэхээр хүнд тусч байгааг зарим эрх мэдэлтнүүд ойлгохгүй байна. Иймээс Засгийн газрын хэрэгжүүлж байсан "нүүрс" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад 40 кг шуудай нүүрс 3200 төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл одоо хоёр дахин их үнээр худалдаж авч байхад бид үр хүүхдээ юугаар тэжээх вэ гэдэг асуудал хөнөдөгдөж байгааг анхаарч үзээсэй. 

Иргэн Б.Даваацэрэн: 3200 төгрөгөөр 40-50 кг нүүрс худалдаж авдаг байлаа

"Дулаан явбал мянган лан" гэдэг Монголын зүйр цэцэн үг бий. Хоолтой, хоолгүй байхаасаа илүүтэйгээр дулаан байхыг хүсдэг. Гэр хороололд Монголын ард түмний 70-80 хувь нь амьдардаг. "Нүүрс" хөтөлбөр бол эдгээр иргэдийн амьдралд маш их үр өгөөжөө өгч байсан хөтөлбөр байсан. Учир нь нэг портер машин нүүрс хэмжээнээсээ хамаараад 160 мянга, 250 мянга, 300 мянган төгрөгийн ханштай байна. Тэгээд цаашдаа нүүрсний үнэ жолоодлогогүйгээр өсөх хандлагатай байгаа. Өнөөдөр 3000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа гэх тэр шуудай нүүрс 20 кг ч хүрэхтэй үгүйтэй байхад "Нүүрс" хөтөлбөрийн үед 3000 төгрөгөөр 40-50 кг нүүрсийг худалдаж авч хэрэглэдэг байлаа. Дээрээс нь ямар ч хог хаягдалгүй байсан юм. Харин тус хөтөлбөрийг зогсоосноор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч байгаа өнөө үед ард иргэдийн нуруун дээр хүнд дарамт учруулж байгааг хэлэх нь зүйтэй байх. Тиймээс бид гэр хорооллын иргэдийн төлөөлөл болж тус хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүдээс хүсч байгаа юм.

Иргэн С.Уранчимэг: "Нүүрс" хөтөлбөр өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан

2012-2013 онд Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлж байсан "Нүүрс" хөтөлбөр нь ард иргэдэд бодитой үр дүн өгч, өрх айл бүр нүүрсээ одоогийн ханшаас 50 хувиар бууруулж авдаг байсан. Харин тус хөтөлбөр зогссоноос болж нүүрсний үнэ өдрөөс өдөрт өсч байгаад сэтгэл зовниж байна. Мөн түүнчлэн 2012-2013 онд 1062 хүнийг ажлын байраар хангаж, борлуулагч 600 мянга, ачигч 150-200 төгрөгийн цалин авдаг байсан нь тухайн өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байсан юм. Тэгээд хөтөлбөр зогссоноос болж ажилгүйчүүд ихэсч, ажлын байрны хомсдолд орж, нүүрсний үнэ харьцангуйгаар өссөн. Жишээлбэл, тэр үед нэг тонн нүүрс 80 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 160 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Тиймээс гэр хорооллын анхаарлаа хандуулж, "Нүүрс" хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж өгөөч ээ гэж хүсч байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД