ХБНГУ-ын төлөөлөгчидтэй уулзжээ

2015 оны 09 сарын 25

Уул уурхайн сайд Р.Жигжид ХБНГУ-д ажлын айлчлал хийх үеэрээ ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшера нартай уулзлаа. Мөн  Уул уурхай үндэсний үйлдвэрлэлийн газар, Бразилын уул уурхайн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайд Р.Жигжид ХБНБУ-ын Байгаль орчны сайд Изабелла Тейшератай уулзах үеэр Минаматогийн конвенцийн хүрээнд мөнгөн усны хэрэгцээг хязгаарлах тухай авч буй арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Бразил улс нь тус конвенцид нэгдэх талаар шийдэлд хүрч, тодорхой ажлууд хэрэгжүүлж байгаа талаараа танилцууллаа. Үүний нэг нь уул уурхайн салбар дахь мөнгөн усны хэрэглээг багасгах ажлыг үр дүнтэй зохион байгуулж байгаа аж.

Монгол Улс нь энэхүү үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийн ялдамд уур амьсгалын дулаарал зэрэг дэлхий дахиныг хамаарсан асуудалд хоёр улсын байр суурь нэг байдгийг цохон тэмдэглэлээ.

Бразилын уул уурхай, эрчим хүчний сайдтай уулзах байсан хэдий ч улс төрийн нөхцөл байдлаас хамаарч дэд сайд ноён Луис Эдуардо, Геологи, уул уурхайн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Карлос Ногуеира да Коста Жуниор болон бусад төлөөлөлтэй албан ёсны уулзалт хийлээ.

Тус уулзалтаар хоёр орны уул уурхайн салбарын талаар товч танилцуулга хийж, харилцан санал солилцсон бөгөөд тулгамдаж буй асуудал болох хууль бусаар ашигт малтмал олборлох, бичил уурхай, орон нутгийн иргэдтэй харилцах асуудал, хөрөнгө оруулалтын болон татварын орчин зэрэг олон асуудлыг хөндөн ярилцаж, цаашид харилцан туршлага солилцох боломжтой талаар ярилцав.

Монгол Улс, ХБНБУлс хооронд геологичдыг харилцан солилцож, хайгуулын ажилд оролцуулах саналыг Бразилын талд тавьсан ба Бразилын тал нааштайгаар хүлээн авлаа.

Бразил улс нь дэлхийн ашигт малтмал олборлогч томоохон орнуудын нэг ба төмрийн хүдрийн олборлолтоор дэлхийд эхний 10 дугаар байранд ордог орон юм байна.

Манай хоёр орны уул уурхайн салбарт ижил төстэй тулгамдаж буй олон асуудал байдаг бөгөөд хууль эрхзүйн орчныг шинэчлэх, бичил уурхайн асуудал, түүнийг албажуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, уул уурхайн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалт, геологийн судалгааны хүрээг тэлэх зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.

Уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахад санал нэг байгаагаа Бразилын тал илэрхийллээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД