Байгаль орчинд ээлтэй шинэ шийдэл, шилдэг технологийг танилцуулж байна

2015 оны 09 сарын 21

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилтын хүрээнд ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумыг өнөөдөр буюу энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Тус форумын хүрээнд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, МҮХАҮТ, Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яам хамтран “Ногоон технологи-2015” үзэсгэлэнг энэ сарын 21-22-нд зохион байгуулж байгаа юм.

Уг үзэсгэлэнгийн зорилго нь байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологи, оновчтой шийдэл, шинэ санаачлагыг сурталчлах, шинжлэх ухааны шинэ ололт амжилтыг бизнест нэвтрүүлэхэд, цаашид дэмжих бодлогыг тодорхойлоход оршиж байгаа юм байна. Энэ талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.

-“Ногоон технологи-2015” үзэсгэлэн худалдаа хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа вэ. Гол ач холбогдол нь юунд оршиж байна вэ?

-Энэхүү үзэсгэлэн худалдаа нь дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Харин энэ удаагийн үзэсгэлэнд Хотын захиргаа, БОНХАЖЯ хамтран оролцож байгаагаараа онцлогтой. Ер нь ногоон технологи гэдэг бол өөрөө инноваци, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, хууль эрх зүй, улс төрийн бодлого байдаг. Тэрнээс биш зөвхөн байгальд ээлтэй гэдгээр хязгаарлагдахгүй. Уламжлалт мал аж ахуй бол ногоон технологийн хамгийн гайхалтай жишээний нэг. Харин орчин үед суурин газрын амьдрал, үйлвэрлэл үйлчилгээнд ногоон технологийг оруулж ирэх нь нэн шаардлагатай асуудлуудын нэг болоод байгаа юм. Энэхүү үзэсгэлэнд нийт 42 компани, аж ахуйн нэгж оролцож, өөр өөрсдийн шинэ технологи, шилдэг шийдлүүдээ танилцуулж байна. Мөн шинжлэх ухааны таван хүрээлэн оролцож байна. Хүрээлэн оролцоно гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгддэг зүйл гэдгийг нотолж буй хэлбэр.

-Таны бодлоор энэ жилийн онцлох технологи, шийдэл юу байна вэ?

-Энд ус цэвэршүүлэгч бүтээгдэхүүнээс эхлээд уснаас цахилгаан гаргах төхөөрөмж, бохирыг боловсруулах, ялзмаг гаргаж авах гэх мэт ахуй амьдралд хэрэгтэй олон бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Тиймээс хоёрхон өдөр зохиогдож байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд иргэд болоод шийдвэр гаргагч албан тушаалтнууд ирж, үр дүнтэй нь өөрсдөө танилцах нь зүйтэй гэж хэлмээр байна. Тэрнээс биш 42 компани, таван шинжлэх ухааны хүрээлэнгийн бүтээгдэхүүнүүдээс аль нэгийг онцолж хэлж чадахгүй байна.

-МҮХАҮТ-аас эдгээр байгууллагуудтай хэрхэн хамтарч мөн бодлого боловсруулах түвшинд хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

-МҮХАҮТ-ын өмнөх дарга С.Дэмбэрэл гуай ногоон технологийг их дэмжиж ажилладаг байсан. Тэр үед эко оффис буюу цэвэр үйлдвэрлэл гэх хоёр төслийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн байран дээрээ тусгай хэлтэс байгуулан ажилладаг. Тиймээс энэ бол танхимын өдөр тутмын ажлын нэг хэсэг бөгөөд зайлшгүй хийх ёстой ажил юм.           

ШУА-гийн Физик технологийн хүрээлэнгийн материал судлалын эрдэм шинжилгээний ажилтан С.Энхтөр

-Манайх хаягдал шилийг дахин боловсруулаад, хөөсөн шил хэмээн нэрлэгддэг барилгын материал гаргаж авдаг. Үүнийг дулаан тусгаарлагч болоод дүүргэгч, усны хоолойн дулаалгын материал болгон ашиглаж болдог. Монголд голдуу ашиглагдаж байгаа БНХАУ-ын хөөсөнцөрүүд хоёр жилийн дараа элэгдэж мууддаг ч дахин боловсруулах боломжгүй байдаг. Харин манайх шилэн хөөсөнцөр учраас элэгдэж эмтрэхгүй, хэрэв тэгсэн тохиолдолд дахин боловсруулалт хийж болдог учир байгальд хор хөнөөлгүй, цэвэр эко бүтээгдэхүүн болж чаддаг юм.

Одоогийн байдлаар Физик технологийн хүрээлэнгийн Шил, шилэн бүтээгдэхүүний лаборторид хийсэн бүтээгдэхүүн байгаа. Тэрнээс биш албан ёсоор үйлдвэрлэж эхлээгүй байгаа.

“Маргад-Инд” ХХК-ийн Маркетинг борлуулалтын менежер П.Сэндэндулам

-“Ногоон технологи-2015” үзэсгэлэн худалдаанд анх удаагаа оролцож байна. Үүнд оролцож буй гол шалтгаан нь дотооддоо үйлдвэрлэж буй импортыг орлох бүтээгдэхүүнээ хүмүүст таниулж, сурталчлах, худалдах юм. Үзэсгэлэнгийн гол зорилго нь ногоон технологи, эко орчинд ээлтэй техник технологийг сурталчлан таниулахад оршиж байгаа. Манай бүтээгдэхүүний хувьд цэвэр хуванцраар вакуум цонх үйлдвэрлэдэг учир дахин боловсруулж болдог, байгаль орчин ээлтэй. Мөн хэрэглэгчдийн хүссэн хэмжээ загвар, өнгөөр хийж өгдөг. Тодруулбал, гаднаас оруулж ирдэг бүтээгдэхүүнүүдээс ялгаатай нь 100 хувь хуванцар материалынх нь түүхий эдээр хийдэг болохоор хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.31.52 ene haana bolj bganbe hunsnii nogoo hymdarsan ymuu