Бан Ги Мүн: Дайтаж байгаа бүх талуудыг зэвсгээ хаяад зогсоохыг уриалж байна

2015 оны 09 сарын 21

Өнөөдөр Дэлхийн энх тайвны өдөр тохиож буй. Үүнтэй холбогдуулан Монгол дахь шашны байгууллагууд болоод НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны асуудал эрхэлсэн зөвлөлөөс “Энхтайвны төлөө түншлэл-Хүн бүрт хүндлэл” хэмээх арга хэмжээг Дашчойлин хийд дээр зохион байгууллаа. Тус арга хэмжээг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман үг хэлсэн бөгөөд, хэлсэн үгэндээ олон улсын энхтайвны өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхэд тусалж дэмждэг Монголын шашны байгууллагууд болоод Дашчойлин хийдийнхэнд талархал илэрхийлээд, хүн төрөлхтөний сайн сайхан амьдралын үндэс эв нэгдэл дээр оршин тогтнох бөгөөд харгис хэрцгий хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнийг эв нэгдлийн хүчээр хамтдаа зогсоох ёстойг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн тэрээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг уншиж сонирхууллаа. Түүний илгээлтэд:

“Энэ жилийн энхтайвны өдөр нь дэлхий дахинд тулгараад байгаа хэрцгий хүчирхийлэл, зөрчил мөргөлдөөнтэй энэ цаг үетэй давхцаж байна. Бид цөхөрч хүлцэнгүй байхын оронд энэхүү нүүрлээд буй харгислал, хүн төрөлхтөнд хор хөнөөл учруулсныхаа хариуд ямар ч ял шийтгэл хүлээдэггүй энэ байдлыг таслан зогсоохын төлөө хамтдаа тэмцэх үүрэгтэй билээ. Би дайтаж байгаа бүх талуудыг зэвсгээ хаяад зогсоохыг уриалж байна. Алан хядлагаа зогсоож, энх тайван, амар амгаланг бий болгох орон зайг бий болгооч ээ гэж хэлэх байна. Хэдийгээр мөрөөдөл мэт санагдавч хаа сайгүй хүн болгоны зүрх сэтгэлд тайван амгалан байх хүсэл мөрөөдөл цохилж байгаа.

Манай өнөөдрийн залуучуудаас өөр энэхүү мөрөөдлийг бодит болгож чадах хүмүүс байхгүй. Тэдгээр залуучууд энэхүү асуудлуудыг хамгийн сайнаар ойлгож, мэдэрсэн тийм л үеийнхэн билээ. Дэлхийн залуу энхийг сахиулагчдыг үнэлж барамгүй хувь нэмэр оруулахад нь тусалж, тэдэнд томоохон хөрөнгө оруулалт хийхийг би бүх засгийн газрын эрх баригчдаас хүсч байна.

Мөн энхийн зорилгын төлөө нэгдсэн бүхий л түншүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй байна. Нийгмийг сайн сайхан байлгах, байгаль орчныг хамгаалах, шударга, хуульт ёс, тогтвортой тайван дэлхийг бий болгоход иргэний нийгэм, шашны болон хувийн байгууллагууд нь бүгд өөр өөрсдөө болон хамтран ажиллах хэрэгтэй байна. Бид бүхэн энэ өдөр “Энхийн төлөөх түншлэл-Хүн болгоны сайн сайхан амьдрал” уриан дор нэгдэж ажиллаж байна. Бид хэдийгээр аймшигтай цаг үед амьдарч байгаа хэдий ч энэ цаг үе бол бидний хувьд агуу амлалтыг өгөх тийм л эрин үе юм. Хэдхэн өдрийн дараа НҮБ-ын байранд дэлхийн улс орны удирдагч нар цугларан 2030 он хүртэлх 15 жилийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөө батлах гэж байна. Ядуурал түүх болж, энх тайван юу юунаас илүү чухал болж, хүн бүр үнэ цэнээ мэдэрдэг болоход энэ үйл явдал их чухал ач холбоголтой байх болно.

НҮБ-ын 70 жилийн ой удахгүй тохиох гэж байгаа. Мөн олон улсын энх тайвны өдөр тохиож байгаа энэхүү завшааныг ашиглан НҮБ-ыг анх байгуулах үндэс болсон “Үр хойчдоо үеээ дайны зовлонгоос хамгаална” гэсэн зорилгодоо хүрцгээе” гэсэн байна.

Илгээлтийг уншиж сонирхуулсны дараа НҮБ-ын суурин төлөөлөгч Биата Транкман зул мандаан, Энх тайвны хонхныг цохисон юм. Үүний дараа тэнд хуран цугласан Монгол дахь шашны төлөөллүү болох Хину, Иудейн, Будын шашны төлөөлөл Дашчойлин хий, Шинто Оомото монгол төв, Ананда Марга бясалгалын төв, Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбоо, Христийн шашны төлөөлөл, Католи сүм, Бахай шүтлэг зэрэг шашнуудын төлөөлөл энх тайван, амар амгалангийн төлөө мөргөл залбирлаа уншин, зул асаан, Энх тайвны хонхыг цохисон юм.

Дашчойлин хийдийн тэргүүн хамба лам Дамбажав – Энх тайвны өдрийг Дашчойлин хийдийн Энх тайвны хонхон дээр тэмдэглэж байгаа нь нэр төрийн хэрэг юм. Энэ жилийн энх тайвны өдрийг “Энхийн төлөө түншлэл-Хүн болгоны сайн сайхан амьдрал” уриан дор тэмдэглэж өнгөрүүлж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтийг суурин төлөөлөгч танилцууллаа. Монгол Улс бол энхийг сахигч орны хувьд НҮБ-аас явуулж буй бүх үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Тиймээс өнөөдрийн арга хэмжээнд Монголд үйл ажиллагаа явуулж буй бүх шашны төлөөллүүд оролцож, бүх нийтээрээ хамтарч энх тайвныг бий болгохын төлөө зорьж байгаад баяртай байна.

Монгол дахь католак шашны тэргүүн хамба лам Венсеслао Падилла - Жил бүр энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирдэг. Католик шашны хувьд энх тайвны өдөр нь чухал үйл явцыг илэрхийлдэг. Учир нь Есүс Христ энэ дэлхийд мэндлэхдээ сайн санаат хүн болгонд амар тайвныг бэлэглэх болно хэмээн сургасан юм. Тиймээс энэхүү өдөр нь католик шашинтнуудын хувьд гүн гүнзгий утга учрыг илэрхийлдэг. Монголд өнөөдрийн байдлаар 1100 орчим католик шашинтан байдаг. Үүний 20 гаруй хувь нь гадаадад ажиллаж амьдардаг.

Монголын Мусульманы нийгэмлэгүүдийн холбооны гишүүн Бекболат Солдатхан – Монголд анх исламын шашин нь Баян-Өлгийд үүсч байсан. Одоогоор тийм ч их сүсэгтэн байдаггүй ч чин сэтгэлээсээ сүслэн биширдэг цөөн тооны хүн бий. Манай шашин нь цэвэр ариун байдлыг эрхэмлэн үздэгээрээ бусдаас ялгаатай. Өнөөдрийн арга хэмжээний ач холбогдол нь шашин үзлээр тусгаарлахгүйгээр хүн төрөлхтөн нэг үзэл санааны дор нэгдэн дэлхийг энх тайван, аюулгүй байлгахад бие сэтгэлээрээ нэгдэхэд оршино гэж бодож байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД