Монголын хамгийн шилдэг мал сүргийн үзэсгэлэн худалдаа болж байна

2015 оны 09 сарын 19

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шилмэл мал-2015” арга хэмжээ энэ сарын 18-20-ны өдрүүдэд болж байгаа юм. Энэхүү арга хэмжээний үндсэн зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв ажиллаж байгаа аж.

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн зорилго нь оюутан залуус, хүүхэд багачуудад мал, амьтны онцлогыг таниулах болоод аймаг хоорондоо үржлийн шилмэл мал солилцох, чанарыг сайжруулах нөхцөл бүрдүүлж байгаад оршиж байгаа аж. Мөн үзэсгэлэн худалдааг нээж Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа үг хэлсэн бөгөөд түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-“Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдааг жил бүр зохион байгуулдаг. Үүнд яамны зүгээс хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Яамны зүгээс малчдыг дэмжсэн үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Үүний нэг “Шилмэл мал-2015” үзэсгэлэн худалдаа юм. Үүний хүрээнд шилмэл малын тэмцээн явагдаж, малчид үнэгүй сурталчилгаа хийх боломж бүрддэг. Өнгөрсөн жилийн хувьд гэхэд 300 сая төгрөгийн ашиг олсон гэсэн судалгаа гарсан байсан. Энэ жил үүнээс ч илүүг олох байх гэж бодож байна. Учир нь ноднин жил 16 аймаг оролцож байсан бол энэ удаад 21 аймаг болж, оролцож буй мал амьтан, бүтээгдэхүүний тоо олширч байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн шилдэг мал сүрэг нэг дор цугларч, малчид харилцан бие биенээсээ туршлага судалж, худалдан авах, борлуулах боломжтой юм. Мөн нийслэлийн иргэд хүрэлцэн ирж, хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтыг харж, үр хүүхэддээ таниулж байгаа нь сайшаалтай.

-Зөвхөн таван хошуу мал гэлтгүй өөр амьтад бас оролцож байна?

-Амьтанд хайртай, тэжээх хүсэлтэй иргэд хүрэлцэн ирж сонирхож, худалдан авч болно.

Мөн Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Ганибалаас тодрууллаа.

-Энэ жилийн “Шилмэл мал-2015” үзэсгэлэнгийн онцлог юунд оршиж байна вэ?

-Өмнөх жилүүдийнхээс илүү эмх цэгцтэй болж, зохион байгуулалт сайжирсан байна. Энэ жилийн “Шилмэл мал 2015” үзэсгэлэн нь 22 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл малууд оролцож байгаагаараа онцлогтой.

-Нийт хэчнээн малчид оролцож байгаа вэ?

-Энэ жилийн хувьд нийт 50 орчим мал аж ахуйн мэргэжилтнүүд, 100 гаруй малчид оролцож байна. Харин малын тоо толгой 1300-д хүрсэн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд үзэсгэлэн худалдааны цар хүрээ улам илүү өргөжин тэлж байгаагийн нэг илрэл гэж бодож байна.

-Энэ жилээс туулай, гахай зэрэг амьтдыг бас оролцуулж байх шиг байна?

-Тийм ээ. Таван хошуу малаас гадна Монгол Улсын туслах мал аж ахуйн хэмээн нэрлэгддэг гахай, шувууны аж ахуй болоод туулай, жижиг амьтад оролцож байгаагаараа илүү онцлогтой болж байгаа. Ер нь улс орны хөгжлийн томоохон гарцуудын нэг нь яах аргагүй хүнсний аюулгүй байдал, хүнсний хэрэгцээг хангах асуудал юм. Нэг малаас авдаг бүтээгдэхүүний хэмжээг хэрхэн сайжруулж,  нэмэгдүүлж чадсан бэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн манай эрдэмтдийн бүтээлүүдийн өрсөлдөөн гэсэн үг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.26.194.79 Багануур дүүрэгт Барга, Эрдэнэцагаан угшилтай Эрчим омгийн улаан толгойтой сайхан ХУЦ нууд байдаг гэнэ яаж холбогдож авах вэ? Архангайн эрдэнэ мандал сумын хүмүүс авсан байна лээ!
150.129.142.73 Хаана вэ
180.149.78.29 Хаана болж байгаа вэ