Д.Энэбиш: ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар тэмцээний эрхийг тодорхойгүй шалтгаанаар МҮСБХ-нд өгсөн

2015 оны 09 сарын 17

Монголын сагсан бөмбөгийн холбооны багш дасгалжуулагч, төлөөлөгчид Монголын хүүхдийн спортын V бага наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээнийг будлиантай хэмээн үзэж буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Тус холбоо нь энэхүү тэмцээнийг зохион байгуулахын тулд урьдчилсан шатны, нийслэл, бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан байна. Гэвч тэмцээн болохоос хэдхэн хоногийн өмнө ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар тодорхойгүй шалтгаанаар тэмцээний эрхийг МҮСБХ-нд шилжүүлэн өгчээ. Үүндээ ч тэрээр ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд МСБХ-ны зүгээс удаа дараа тайлбар хийхийг шаардаж байжээ. Энэ талаар Монголын сагсан бөмбөгийн холбооны эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Энэбишээс тодрууллаа.

-Монголын хүүхдийн спортын V бага наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн будлиантай эхэлсэн гэж үзэж байгаа гэсэн. Ямар үндэслэлээр будлиантай гэж үзэж байгаа юм бэ?

-Монголын хүүхдийн спортын V бага наадмын сагсан бөмбөгийн шигшээ тэмцээн эхлэхээс гурван хоногийн өмнө тэмцээнийг зохион байгуулах эрхийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд өгсөн. Ямар үндэслэлээр эрх олгосон гэдэг нь тодорхойгүй, мөн ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар тайлбар өгөөгүй байгаа.

-Монголын сагсан бөмбөгийн холбооноос тэмцээнийг зохион байгуулах эрхгүй гэж үзсэн гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-2014 оны гуравдугаар сарын 23-нд ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж, МСБХ-ны ерөнхийлөгчийг сонгохоор болж нэр дэвшигчид болох МҮСБХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болоод Б.Тамир нарыг хэлэлцээд 68 хувийн саналтайгаар Б.Тамир ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гэтэл чуулган дууссаны дараа МҮСБХ “хурлын ирц бүрдээгүй” гэдэг шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учир тавдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн шүүгч н.Энхцэцэг захирамж гаргасан. Энэхүү захирамж нь МСБХ-ноос чуулганаар сонгогдсон удирдлага, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулахгүй байх, улсын бүртгэлд бүртгэхгүй байх, Монгол Улсаа төлөөлөн гадаадын тэмцээн уралдаанд оролцуулахгүй байхыг МСБХ-нд даалгасан шийдвэр байсан юм.

Тэгээд шүүхээс ердөө ээлжит бус чуулганыг л хүчингүй болгох шийдвэр гаргасан. МСБХ үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн ямар ч үг үсэг, заалт байхгүй. Иймээс чуулганаар сонгогдсон удирдлага ямар ч эрх зүйн чадамжгүй болж байгаа учир бид ямар шалтгаанаар МСБХ тэмцээн явуулах эрхгүй болж байгаа юм бэ гэдэг дээр тайлбар өгөх хүсэлт тавьсан ч хэн ч тайлбар өгөөгүй.

Маргалдаан үүссэн учраас ЭМСЯ-ны дэд сайд Т.Болдбаатар өөрийн хуулийн зөвлөхөө тэмцээн рүү явуулсан. Хуулийн зөвлөх нь ирээд бүх бичиг баримттай танилцаад аливаа үйл ажиллагааг МСБХ явуулах бүрэн эрхтэй гэдгийг хэлсэн.

Гэтэл МСБХ ямар гомдол гаргах нь хамаагүй МҮСБХ-нд тэмцээн явуулах эрхийг өг гэсэн шийдвэрийг Т.Болдбаатар сайд өгсөн болохоор бид МҮСБХ-нд тэмцээн явуулах эрхийг өгсөн шалтгааныг албан ёсны бичгээр өгөх хүсэлт тавьлаа. Гэтэл Т.Болдбаатар сайд ямар ч үндэслэл, тайлбаргүй бичиг явуулсан байсан.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД