”Аав минь намайг тэнгэрээс харж байгаа байхдаа гэж бодогдсон”

2015 оны 09 сарын 16

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн 45 дэх, эмэгтэй чөлөөт бөхийн 26 дахь ДАШТ АНУ-ын Лас-Вегас хотноо болж өндөрлөсөн. Тэгвэл тус тэмцээнд манай улсын баг тамирчид амжилттай оролцож, эрэгтэй баг хүрэл, хошой мөнгөн медаль, олимпийн 4 эрх авч багаараа IV байранд орсон бол эмэгтэй тамирчдаас дэлхийн хошой аварга, хошой медальтан төрж олимпийн хоёр эрх өвөртөлж багаараа ирэх оны Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрхийг долоо дахь жилдээ авч чадсан юм. Тиймээс ч өнөөдөр амжилттай оролцсон багийн бүрэлдэхүүнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос шагнаж урамшууллаа. 

Дэлхийн аваргын хүрэл медальт Э.Бэрхбаяр: Аав минь намайг тэнгэрээс харж байгаа байхдаа гэж бодогдсон

-2015 оны ДАШТ-нд амжилттай оролцоод хүрэл медалийн эзэн болсонд баяр хүргэе. Тэмцээний сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Энэ удаагийн ДАШТ маш сайхан болж өнгөрлөө. Манай улсын баг тамирчид бүгдээрээ их амжилттай оролцож, ганзага дүүрэн буцаж ирсэнд баяртай байна. Бидэнд тусалж дэмжсэн Төр засгийнхан болоод багш дасгалжуулагч, Хангарьд спортын хороонд баярласнаа илэрхийлж байна.

-Хэсгийн аваргын төлөө Гүржийн В.Хинчигашвилитэй барилдаж, дийлдсэн. Та хоёрын барилдаан эн тэнцүүхэн өрсөлдөөн дунд өрнөсөн. Энэхүү барилдаанаа хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би ялна гэдэгтээ 100 хувь итгэлтэй байсан. Тиймдээ ч их яарч барилдсанаас болж хожигдсон гэж бодож байгаа. Ер нь бяр амтагдана гэж ярьдаг шүү дээ. Яг л тэрэн шиг өөртөө илүү итгэлтэй болсон үедээ яарч барилдах гээд байдаг нь миний сул тал юм болов уу гэж бодож байна.

-Өмнөх жил хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдсан. Гэтэл энэ жил авч чадсан. Энэ үед хамгийн түрүүнд юу бодогдсон бэ?

-Мэдээж маш баяртай байсан. Медалийн эзэн болчихоод хамгийн түрүүнд би аавыгаа бодсон. Миний аав тэнгэрээс хүүгээ харж байгаа байх гэж бодогдсон.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Олимпийн аварга болохын төлөө хичээж барилдах болно.

Дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин: Авч чадаагүй алтан медалийг авахыг төлөө барилдана

-ДАШТ их өрсөлдөөнтэй болж өнгөрсөн. Медалийн эзэн болж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байсан бэ?

-Энэ удаагийн ДАШТ үнэхээр сайхан болж өнгөрсөн. Миний анхны ДАШТ байлаа. Эцсийн шат хүртэлх зам минь үнэхээр дардан байсан. Гэхдээ эцсийн тойрогт бага зэрэг тааруухан барилдсаны улмаас хожигдсон. Багшийнхаа зогсоогүй тавцан дээр зогсож, олимпийн алтан медалийн эзэн болохын төлөө өөрийгөө дайчлан хичээх болно.

-Аваргын төлөөх барилдааны талаар?

-Аваргын төлөөх барилдаануудад бага зэрэг сэтгэл дундуур байна. “А” үсгээс эхлээд зааж сургасан бүх л багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Та нарынхаа ачийг амжилтаар хариулах болно. Мөн Лас Вегас хотод манай улсын аварга шалгаруулах тэмцээн болж байгаа юм шиг л хөгжөөн дэмжиж, цэнхэр дэлгэцээр үзэн сууж байсан ард түмэн минь бидэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байсанд баяртай байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүйн төлөө хичээнэ ээ.

Цаашдын зорилго бол мэдээж ирэх онд болох олимпод амжилттай оролцох байгаа байх. Үүнээс өмнө тэмцээнүүдэд оролцох уу?

-Тэгэлгүй яахав. 2-3 олимп, 7-8 ДАШТ намайг хүлээж байгаа гэж бодож байна. Тэр бүрт амжилттай ороцлож, авч чадаагүй алтан медалиа авахын төлөө хичээх болно.

-Цаашид жин өгсөж барилдах уу эсвэл 57 кг-ийн жиндээ барилдах уу?

-Жин өгсөж барилдах төлөвлөгөөтэй байгаа. Дараа долоо хоногт бэлтгэл сургуулилтдаа орно.

Дэлхийн хошой аварга С.Батцэцэг: Медаль авна гэдэгтээ итгэлтэй байсан

-ДАШТ-ээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Өөртөө хэр итгэлтэй байв?

Би медаль авч чадна гэдэгтээ итгэлтэй байсан. Айдас огт байгаагүй, өөрийнхөөрөө тайван, эрх чөлөөтэй байсан гэж хэлж болно. Бас барилдаанаа их төлөвлөж гарсан болохоор түвэгтэй зүйл учраагүй.

-Өрсөлдөгчөө хэр сайн судалсан байсан бэ. Багш нар ямар зөвлөгөө өгч байв?

-63 кг-ийн жинд барилдаагүй тамирчин  ховор байсан. Японы тамирчидтай цөөнгүй удаа барилдаж байсан болохоор ямар мэх хэрэглэх, яаж барилдахаа сайн мэддэг байсан. Багш нар маань босоогоосоо мэх хийгээд, хэвтээд, мэхний шилжилт залгааг сайн хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр зөвлөгөөг өөртөө сайн тусгаж авч, биелүүлж чадсан.

-Түрүүлчихээд хамгийн эхлээд хэнтэй баярын сэтгэгдлээ хуваалцсан бэ?

-Юуны түрүүнд МЧБХ-ны ерөнхийлөгч Дагвадорж аваргатай ярьсан. Хоёр талд нь баярласан хүмүүс олон байсан.

-Хэзээ бэлтгэлдээ гарах вэ. Олимпоос өмнө ямар тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Сар гаруй хугацааны дараа бэлтгэлдээ орох байх. Тэгээд ирэх сарын дундуур дэлхийн шилдгүүдийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэнд чөлөөт бөхийн багаас нэлээд олон тамирчид оролцох байх.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД