ОХУ-ын Төрийн Думын даргатай ганцаарчилсан уулзалт хийжээ

2015 оны 09 сарын 16

Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал энэ өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо тохиож буй.

Тус хуралд оролцохоор Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин өнөөдөр буюу энэ сарын 16-нд Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс  угтан авлаа.

Тус  хурлын нээлтийн ажиллагааны өмнө ЕАБХАБ-ын ПА-н Ерөнхийлөгч Илкка Канерва болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин нар өнөө өглөө  ганцаарчилсан уулзалт хийсэн юм.

Дашрамд сонирхуулахад, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага нь 1975 оны Хельсинкийн Төгсгөлийн баримт бичгийн үндсэн зарчмууд дээр тулгуурлан байгуулагдсан. Тус байгууллагын гишүүн орнуудын парламентын оролцоог дэмжих зорилгоор 1990 онд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ассамблейг байгуулж, анхны албан ёсны чуулганаа 1992 онд Бүгд Найрамдах Унгар Улсын нийслэл Будапешт хотноо зохион байгуулжээ. Тус арга хэмжээг жил болгон гишүүн орнуудад ээлжлэн зохион байгуулдаг бөгөөд 57 оролцогч улсын парламент хоорондын яриа хэлэлцээний гол механизм юм. Монгол Улс 2012 оны 11 дүгээр сарын 21-нээс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт 57 дахь гишүүн улс болжээ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД