Хөрөнгийн биржид “Frontier market” зэрэглэлд нэр дэвшжээ

2015 оны 09 сарын 15

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE Group”-ийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангарт албан бичиг ирүүллээ. 

Тус албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн энэ сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг “Frontier” хөгжиж буй зэрэглэлийн “Ажиглалтын жагсаалт”–д үлдээж, энэ сард болох дараагийн ээлжит хурал буюу 2016 оны үнэлгээгээр зэрэглэл дэвшүүлж “Frontier market” статус олгох боломжийн талаар дурдсан байна. 

Монголын хөрөнгийн зах зээл цаашид зэрэглэл дэвшихийн тулд үнэт цаасны Кастодианы үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаасны төлбөр тооцоог боловсронгуй болгох, хувьцааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, үнэт цаасны зээлийн арилжааг /Short sell, Stock Lending/ нэвтрүүлэх, биржийн бус арилжаа /Off-exchange transaction/, үүсмэл үнэт цаасыг зах зээлд нэвтрүүлэх зэрэг ажлуудыг хийх шаардлагтай байна. 

Жич: Их Британийн нийслэл Лондон хотноо байрладаг “FTSE групп” нь олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгаагаар тэргүүлэгч компани бөгөөд 80 гаруй улсын хөрөнгийн зах зээлийн 250 мянга гаруй индексийг арилжааны явцад шууд болон арилжааны эцэст тооцоолж гарган, зах зээлд мэдээлдэг бөгөөд хөрөнгийн зах зээл хөгжсөн 168 орноос 76 орон тус байгууллагаар зэрэглэлээ тогтоолгосон байдаг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД