Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2015 оны 09 сарын 15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг өнгөрсөн сарын 13-ны өдөр гаргасан.  Мөн түүнчлэн 2010 оноос хойш спортыг дэмжих талаар дөрвөн чухал зарлиг гаргасан. Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай, Өвлийн спортыг хөгжүүлэх тухай, Тив дэлхийн, олимпийн уралдаан тэмцээнд амжилт гаргасан тамирчдад насан туршид нь тэтгэлэг олгох тухай зарлигууд тус тус гаргасан юм.  

Үүний хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монголд багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн зарлигийг хэрэгжүүлэх хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа ба түүний нэг нь Монгол, Японы Хөлбөмбөгийн холбоод хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дайни Күния болон Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Ташима Козо нар оролцов.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Япон дасгалжуулагчид  Монголын 14 хүртэлх насны эмэгтэй шигшээ багийг 4 жилийн хугацаанд дасгалжуулах, мөн Монголын багийг өвлийн хүйтэн улиралд Япон улсад бэлтгэл хийлгэх талаар гэрээ хийгдэж байгаа юм.

Энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар хэлэхдээ "Цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд өвлийн улиралдаа эмэгтэй хөлбөмбөгчдийнхөө бэлтгэлийг Японд базаах боломжтой болж байгаа юм. Дан ганц бэлтгэл хийхээс гадна Япон улс эмэгтэй хөлбөмбөгийг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар болж байгаад маш их баяртай байна" гэсэн юм. Харин Японы Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Дайни Күния "Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран ажиллах болсондоо баяртай байна. Энэ удаагийн бид бүхний байгуулж байгаа гэрээ Зүүн Азийн бүс нутагт хөлбөмбөгийн хөгжлийг урагшлуулахад чухал ач холбогдолтой. Ялангуяа эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд түлхүү анхаарч боловсон хүчин солилцох явдал нь хоёр орны эмэгтэй хөлбөмбөгийн хөгжилд сайнаар нөлөөлнө гэж бодож байна. Цаашдаа харилцан туслалцаж, хамтран хөгжиж, Азийн хөлбөмбөгийн дээд түвшинд хүргэхэд хамтран ажиллацгаая" гэлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД