Архангай аймгийн төвд 8.7 км авто зам тавигджээ

2015 оны 09 сарын 15

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд энэ сарын II долоо хоногт Өвөрхангай, Архангай аймагт ажилласан бөгөөд Өвөрхангай аймгийн Уянга сумын Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн нэрэмжит Ерөнхий боловсролын I сургуулийн Лего робот сургалтын лабораторийн нээлтэд оролцож, хүүхэд багачуудад сурлагын өндөр амжилт хүсэв.

Ерөнхий боловсролын сурагчдад техник технологийн суурь боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилт бүхий Залуу зохион бүтээгчдийн дугуйланг сэргээх санаачилгыг Улсын Их Хурлын дарга З.Энхболд гаргасан. Улсын Их Хурлын даргын энэ санаачилгыг “Робот хөгжил” ТББ дэмжин, Уянга сумын ерөнхий боловсролын сургуулиудын 6 багшийг сургалтад хамруулжээ. “Аум алт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Мягмардорж санхүүжүүлснээр Уянга суманд лего робот сургалтын лабораторийг байгуулсан байна.

Тус сургуулийн захирал Т.Туул “Хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй гэхгүй инженерийн мэдлэгийг сонирхдог, инженер болох сонирхолтой орон нутгийн хүүхдүүд онолын мэдлэгээ давтахаас дадлага сургалтад хамрагдах бололцоогүй байсан. Харин манай суманд лего роботын сургалтын лаборатори байгуулагдсанаар хүүхэд, багачууд инженерийн суурь мэдлэг эзэмшин, улмаар энэ нь ирээдүйн инженерүүдийг бэлтгэх эхлэл болж байна” гэв.

Уянга сумын Ерөнхий боловсролын I сургуулийн лего робот лабораторид ухаалаг самбар, компьютер, роботын төхөөрөмж гээд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг суурилуулсан байна. Лего роботыг угсарахад ихээхэн тэвчээр шаарддаг бөгөөд хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурахаас гадна сэтгэн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ нь хөгждөг ач холбогдолтой болохыг тус сургуулийн багш н.Батцэцэг танилцуулж байв. Үүний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж, Уянга сумын Засаг дарга П.Баатар ажил байдлаа танилцуулав.

Улсын Их Хурлын дарга З.Энхболд орон нутгийн томилолтынхоо хоёр дахь өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ажиллаж, тус суманд хэрэгжиж буй “Гудамж” төслийн явцтай танилцав. Улсын Их Хурлын даргыг Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон албаны бусад хүмүүс угтан авч, ажлаа танилцууллаа. Засгийн газрын 96 дугаар тогтоолоор “Гудамж” төслийг орон нутагт хэрэгжүүлэхээр болж, энэ хүрээнд Архангай аймгийн төвд 8.7 км авто зам, 3.2 км дугуйн зам, долоон уулзвар болон авто зогсоол, явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, орчны тохижилт, газар доорх шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн цогц бүтээн байгуулалт хийгджээ. Зам барилгын “ОДНД” ХХК, “Готик голд” ХХК, “Архангай автозам” ХХК гүйцэтгэсэн талаар аймгийн удирдлагууд Улсын Их Хурлын даргад танилцуулав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД