Бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэгтэй гэв

2015 оны 09 сарын 10

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг БНХАУ-ын Далянь хотод болж буй зуны Давосын чуулга уулзалтын “Орчин цагийн торгоны зам” хуралдаанд удирдагчаар оролцлоо.

Энэ үеэр БНХАУ-ын “Торгоны зам” санаачлагаас гадна Монгол Улсын Засгийн газраас "Талын зам", ОХУ “Эдийн засгийн коридор” санаачилгыг гаргаад байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлоод Монгол Улс хоёр их гүрний дунд орших, далайд гарцгүй орон учраас Торгоны замын талаар гаргасан гурван орны санаачилгыг нэгтгэж хамтран ажиллаж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын Уфа хотноо болсон гурван талт уулзалтын үеэр Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбоо зэргийг уялдуулах талаар уулзсан гэдгийг хэллээ. Мөн түүнчлэн Ази Европыг холбосон хамгийн дөт зам бол Торгоны зам. Иймээс Монголын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, байгалийн хий болон газрын тосны хоолой, эрчим хүчний шугамыг  барих зэргээр бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Монгол Улс чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг онцолжээ.

Хуралдааны бусад удирдагчаар Гүрж улсын Ерөнхий сайд, Малайзын Худалдаа эдийн засгийн сайд, БНХАУ-ын судлаач болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцсон бөгөөд хуралдаан цаг гаруй үргэлжилсэн юм. Бизнесийн төлөөлөгчийн хувьд торгоны зам геополитикийн хариуцлага чухлыг онцолсон бол судлаачийн зүгээс Торгоны зам санаачилгатай холбоотойгоор Хятад, Японы харилцааг онцолж, хамтран ажиллах нь эдийн засгийн үр ашигтай гэдгийг тодотгож байсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД