”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжиж Э.Бат-Үүл дарга 5 км зайд гүйнэ”

2015 оны 09 сарын 09

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих “Итгэл, найдвар, боломж” нэртэй хагас марафон энэ сарын 13-ны өдөр буюу ням гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. “Ахиллис Монгол” олон улсын байгууллага болон Ариг банкны хамтран зохион байгуулж буй тус марафонд оролцохын тулд бүртгэлийн хураамж болох таван мянган төгрөгийг хураалгах бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэх боломж бололцоог бий болгох сайн үйлсэд зарцуулагдана хэмээн тус байгууллагаас мэдэгдсэн юм.

Мөн түүнчлэн тус марафоны зорилт нь хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн сэтгэлгээ, ойлголтыг зөв төлөвшүүлэх спорт бол эрүүл мэнд, идэвхтэй амьдралын зөв хандлага, амжилтын үндэс гэдгийг олон нийтэд сурталчлаха оршиж байгаа юм байна. Үүнээс гадна “Итгэл, найвар, боломж” хагас марафонд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл таван км зай гүйж бусыгаа уриалан дэмжихээ илэрхийлсэн байна. Энэ талаар хэвлэлийн бага хурлын үеэр “Сэлмэн хөлт” хэмээн олонд танигдсан, хиймэл хөлөн дээр гүйгч Монголын анхны тамирчин О.Саранчулуун хэлэхдээ “Нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ гэдэг нь өөрийнхөө амьдарч буй нийгмийг илүү сайн сайхан болгохын төлөө өөрийн чадах зүйлийг хийхийг хэлдэг гэж боддог. Тэр утгаараа Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл даргыг энэхүү арга хэмжээнд нэгдэж, гүйхийг хүссэн. Үүний хариуд хотын дарга зөвшөөрсөн байгаа. Амлалтаа ч биелүүлэх байх гэж бодож байна. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын яам бүрэн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Үүнээс гадна арга хэмжээнд зөвхөн гүйх бус олон спортын арга хэмжээг зохион байгуулна. Жишээлбэл, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрүүл мэндийн тест авч, спортын олон уралдаан тэмцээнийг зохионо. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй нийгэм эрүүл байгаасай гэж хүсч байна. Тэнд эрүүл хүн байна уу хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна уу гэдэг нь огт хамааралтай биш. Зөвхөн хүн бүр өөрсийн байгаа боломж бололцоог дайчилж, нийгмээ илүү эрүүл, аюулгүй байгаасай гэсэн үүднээс энэхүү марафоныг зохион байгуулж байгаа юм. Насны ангилал гэж байхгүй. 3, 5, 10, 21 км гэсэн зайтайгаар ямар ч насны хүн уралдах боломжтой” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД