Сайд нар томилогдлоо

2015 оны 09 сарын 08

Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан “Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай” асуудал болон Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан. Гэсэн ч өнөөдөр үдээс өмнө хуралдсан Хууль зүйн байнгын хороон дээр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Өршөөлийн үзүүлэх тухай хуульд тавьсан хоригийг хэлэлцэх асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Ингэснээр чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Ингээд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсны дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг, Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Зангадын Баянсэлэнгэ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Мөнхчулууны Зоригтыг, томилуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг тус тус танилцуулав.

Нэр дэвшигчдийг нэгбүрчлэн хэлэлцэх явцад гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд болон нэр дэвшигчдээс асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “ давхар дээлтэй” сайдуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс энэ асуудалд хэрхэн хандаж байна гэсэн гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн тайлбартаа, “Ерөнхий сайдын хувьд энэ саналыг хүндэтгэн үзэж байгаа. Энэ саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа тавьж байгаа юм биш. 2012 оны сонгуулиас хойш “дан”, “давхар” дээлийн асуудлыг байнга ярьж байгаа. Нөгөө талаас өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын бүх хуулиар энэ нь нээлттэй. 2012-2016 он хүртэл ажиллаж байгаа Улсын Их Хурал өөрөө онцлогтой бөгөөд өнөөдөр олонхийн суудал авсан нам, эвсэл байхгүй. Хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэйгээ ярьж байгаад олонхоо бүрдүүлж явж байгаа. Засаг, төрийн тогтвортой ажиллах шаардлагын үүднээс өнөөдрийн Улсын Их Хурал онцлогтой бөгөөд асуудлуудаа хамтатгаж авч явах зайлшгүй шаардлага гарч ирж байгаа. Би хувь хүнийхээ болоод улс төрчийнхөө хувьд “дан”, “давхар” дээлийн асуудал явах ёстой шийдэл рүүгээ явах байх гэж боддог. Улсын Их Хурлын 76 гишүүнийг амьдралын их сургуульд хамтдаа сурч байгаа хүмүүс гэж үздэг. Бид мэргэжилтэй, мэргэжилгүй эсвэл салбарынх, салбарын бус гэж ярьж байна. Улсын Их Хурал дээр орж ирж байгаа бүхий л салбарын хууль, тогтоомж, төрийн баримт бичгийг олуулаа хэлэлцэж байгаад гаргадаг. Энэ танхим дотор нэг бүрэн эрхийн хугацаанд чанагдсан хүн бол нийгмийн амьдралын бүхий л мэргэжлийн болоод салбарын хүмүүстэй ялгаагүй асуудалд ханддаг болоод гардаг. Тиймээс засаг, төрийн тогтвортой байдал, цаг үеийн асуудлуудаа авч гарах, эдгээр салбаруудыг аваад явчих хүмүүс гэдэг утгаар нь тантай, бидэнтэй яг адил тохой нийлүүлэн сууж байгаа өөрсдийнхөө нэгийн л нэрийг дэвшүүлж орж ирсэн. Бид нар хэн нь хэнийгээ муу, сайн гэж дүгнэх юм бэ. Бид сайн, муу нэгнийгээ орлоод, нөхөөд явдаг. Тиймээс өөрөө өөрсдийгөө муучилдаг голдог байж болохгүй. Гаднаас хэн нэгэн мэргэжлийн бус, огт танихгүй хүнийг нэр дэвшүүлээгүй. Орж ирж байгаа зургаан нэр дэвшигчийг сайн муу гэж ярихгүйгээр салбараа аваад явчих чадалтай хүмүүс гэдгээр нь харж үзэж дэмжээд өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан” гэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдаар Улсын Их Хурлын гишүүн Цэрэндашийн Оюунбаатарыг дэмжих саналыг 89.7 хувиар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар Улсын Их Хурлын гишүүн Намдагийн Батцэрэгийг дэмжих саналыг 88.1 хувийн саналаар, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдаар Улсын Их Хурлын гишүүн Баярбаатарын Болорыг дэмжих саналыг 91.7 хувийн саналаар тус тус дэмжиж батлав.

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилуулах тухай асуудлыг хэлэлцэх явцад Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад томилолттой учир чуулганы нэгдсэн хуралдааныг орхих болсон тул Шадар сайд Ц.Оюунбаатар түүний үүргийг хэрэгжүүлснээр үлдсэн гурван сайдыг томилох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД