Халдварт бус өвчлөлийг бууруулах тал дээр анхаарч ажиллана

2015 оны 09 сарын 08

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа өнөөдөр НҮБ-уудын Хамтарсан багийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч, хэд хэдэн асуудлаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төв газрын мэргэжилтэн Доктор Кэрмен Аудэра-Лопез халдварт бус өвчний Дэлхий дахины стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд техникийн туслалцааг өргөжүүлэх зорилгоор НҮБ-ын хамтарсан баг энэ сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийж буй талаар дуулгалаа.

Тэрээр албан айлчлалын багт НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байгааг танилцуулаад тус айлчлалын үеэр төлөөлөгчид халдварт бус өвчний чиглэлээр бусад салбаруудын авч буй арга хэмжээ, тухайлбал тамхины хяналт, архины хор уршиг, замын хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ болон тэдгээрийн эрсдэл, хүчин зүйлсэд анхаарлаа хандуулж ажиллана гэв. Мөн түүнчлэн дээрх чиглэлээр салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах, тэдгээрийг хэрэгжүүлэх сан бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилготой юм гэлээ.

Харин үүний хариуд УИХ-ын даргын Ахлах зөвлөх С.Ламбаа 1996 оноос хойших хугацаанд УИХ-ын гишүүн болон Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэх хугацаанд эрүүл мэндийн салбарын эрх зүйн зохицуулалтыг хийхэд анхааран ажиллаж байгаа талаар дурдлаа. Мөн тэрээр хэлэхдээ Монгол Улс Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэний дараа Улсын Их Хурал “Тамхины хяналтын тухай хууль”-ийг анх 2005 онд баталсан. Улмаар 2010 онд Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан ба 2012 онд батлагдсан болохыг дурдаж, Монгол Улс тамхитай тэмцэхтэй холбогдуулан цогц ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар хэлэв. Мөн тэрээр Монгол Улсад халдварт бус өвчлөлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тодорхой саналууд тавьж, санал солилцлоо.


АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД