Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлалт гуйх ёстой гэв

2015 оны 09 сарын 08

Өнөөдөр Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймгийн төлөөлөгчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдлээ. Тодруулбал, Шийдлийн цаг уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Тавантолгойн асуудлыг Үндсэн хуулийн бус нэгдэл болох Бие даагч гишүүдээс асуухгүйгээр шийднэ хэмээн мэдэгдсэн нь тус аймгуудын төлөөлөл болох Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нар болоод ард иргэдийн дуу хоолойг хүлээн авч, тусгах боломжгүй гэдгээ давхар илэрхийлсэн хэрэг хэмээн үзэж байгаа аж. Мөн түүнчлэн Оюутолгойн далд уурхайг ашиглах шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд Оюутолгой нь манай улсын баялгийг барьцаалан өндөр хүүтэй зээл авч, өрийн дарамтад оруулж, Монгол Улсыг тус ордоос ашиг хүртэх боломжгүй болгож байгаа аж. Тиймээс ийм нөхцөл байдалд хүргэсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хариуцлага тооцох ёстой гэж үзжээ.

Дархан-Уул аймгийн төлөөлөл Б.Оюунчулуун – Дархан-Уул аймгаас сонгогдсон С.Ганбаатар гишүүн бол хууль ёсны төлөөлөл мөн. Гэтэл энэ хүнийг Ерөнхий сайд хууль ёсны биш хэмээн үзсэнд бид ихээхэн бухимдаж, Ерөнхий сайдыг биднээс болоод Дархан-Уул аймгийн төлөөллөөс уучлалт хүсэх ёстой гэж үзэж байна.

Дорнод аймгийн төлөөлөл Г.Алимаа – Өнөөдөр УИХ-д сууж буй Х.Болорчулуун гишүүн нь аймгийнхаа иргэдийн хамгийн өндөр оноог авч гарч ирсэн. Гэтэл бие дааж гарч ирсэн гишүүдийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл хийхдээ хоточ нохой мэтээр доромжилж байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлж байна. Үүний ард сонголтоо хийсэн ард түмнийг доромжилж байгаагаас ялгаагүй хэрэг юм. Өнөөдөр Монголын ард түмэн ядуу амьдарч байна. Ийм байж Оюутолгойн ихэнх ашгийг гадныханд өгнө гэдэг нь байж болохгүй хэрэг.

Дархан-Уул аймгийн төлөөлөл Ж.Түмэнбаян – Бид өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг намын жагсаалтын ард нуугдаж УИХ-ын гишүүнээр сонгогдсон явдлыг Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн түүнчлэн намын жагсаалт гэх хууль бус тогтолцоог арилгах ёстой гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД