Ц.Баасандорж: Шүүх хурлыг нээлттэй явуулахгүй бол өлсгөлөн зарлана

2015 оны 09 сарын 08

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарын шүүх хурал энэ сарын 2-ны өдөр болох байсан хэдий ч гэрчүүд ирээгүй гэсэн шалтгаанаар энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулж шүүх хурлыг 461 дүгээр хорих ангид хийхээр болсон. Гэсэн ч түүний өмгөөлөгч болоод зарим холбогдох хүмүүс шүүх хурлыг ил тод, нээлттэй явуулахыг шаардсаар байгаа билээ. Хэрэв тэгэхгүй бол өлсгөлөн зарлана гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Ингээд энэ талаар А.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржоос зарим зүйлийг тодрууллаа.

-Шүүх хурлыг хурлын танхимд нээлттэй явуулахыг шаардсаар байна. Хэрэв тэгэхгйү бол өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдлээ. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Энэ сарын 02-ны өдөр шүүх хурлыг 461 дүгээр хорих анги дээр хийх шийдвэр гарсан. Үүнийг Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа. Учир нь шорон бол шүүхээс ял өгсөн хүмүүсийн ялыг гүйцэтгэдэг газар болохоос биш шүүх хурал хийдэг газар биш. Шүүх хурал хий гэж танхимыг нь байгуулаад, Тахарын алба гэх харуул хамгаалалтыг нь гаргаж өгч байхад маш их зардал чирэгдэл учруулж дээрээс нь Үндсэн хууль зөрчиж харьяаллын бус газар хүний гэм бурууг шүүхийг А.Гансүхийн зүгээс эсэргүүцэж байгаа. Тиймээс тэнд шүүх хурлыг хийнэ гэсэн шийдвэрийг өөрчлөхгүй бол өлсгөлөн зарлах арга хэмжээ авна.

Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү Шүүх засаглал хэрэгжүүлдэг. Тухайлбал, шүүх тогтолцоо нь сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын дээд шүүхээс бүрддэг. Тэрнээс биш хорихын шүүх хамаардаггүй.

-Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ хүргүүлсэн гэсэн?

-Шүүх дээр болсноор мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шууд дамжуулагдах юм. Харин хорих ангид хийвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулинд заасны дагуу чанга дэглэмтэй хорих ангийн бүсэд ордог юм. Иймээс сэтгүүлч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод энгийн иргэд нэвтрэх боломжгүй болчихоод байгаа. Дээрээс нь хоригдож буй хүнийг тэр газарт нь шүүхээр бие, сэтгэлзүйн болон бусад хэлбэрээр эрүүдэн шүүж буй хэлбэр гэж үзэж байна. Тиймээс бид Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ хүргүүлсэн ч хариу нь хараахан ирээгүй байна.

-Гэрчүүдийг зохион байгуулалттайгаар авчрахгүй байгаа гэх хардлага үүсээд байгаа талаар ярьж байсан. Хэрэв энэ удаад ийм тохиолдол гарвал шүүх хурал дахин хойшлох магадлалтай юу?

-Тахарын алба хэмээх гэрч, хохирогчдийг дуудаж авчирдаг том байгууллага байхад бүтэн сарын хугацаанд ямар ч гэрч авчрахгүй байх үндэслэл байхгүй. Мөн жирийн иргэн бус төрийн албанд ажиллдаг албан тушаалтнууд учир олохгүй байна гэж байхгүй. Тиймээс зориудаар авчрахгүй байна гэж хардах үндэслэлтэй.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
92.240.178.210 Buh ym tumnii nuden deer el bainashdee.idej uuj zusalj zusalchihaad heregee huleegeed l ylaa edleechdee.oor zam baihguishdee.