Ц.Буяндалай: Хадгаламж зээлийн хоршоодод 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

2015 оны 09 сарын 07

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэдийн бичил бизнес эрхлэлтийг дэмжих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг  бууруулах “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн дагуу нийслэлийн дүүргүүдийн хороог түшиглэн хороо тус бүр дээр хадгаламж, зээлийн хоршоодоор дамжуулах гэсэн хоёр замаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Хөтөлбөрийн хэрэгжилтийг хурдасгах зорилгоор Нийслэлийн бичил бизнесийг дэмжих сангийн дарга, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатар нар хамтын ажиллагааны санамж бичиг байууллаа. Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд МХКХҮХ-ны санаачилгаар нийслэлийн хороодод шинээр байгуулагдсан хадгаламж зээлийн хоршоодыг дэмжих “Дэм дэмэндээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайгаас тодрууллаа.

-Нийт хэчнээн хадгаламж зээлийн хоршоодод санхүүжилт олгоод байна вэ?

-“Бичил бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжээд жил гаруй хугацаа өнгөрч байна. 152 хадгаламж зээлийн хоршоог байгуулах зорилт тавин ажилласан. Гэхдээ өнөөдрийн байдлаар 112 хороонд хадгаламж зээлийн хоршоод байгуулагдан ажиллаж байна. Харин үүнээс 40 нь өмнө нь байгуулагдсан, үйл ажиллагаа нь тогтворжсон гэж хэлж болно. Тиймээс 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох ёстойгоос 9.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа. Нийтдээ 2000 орчим хадгаламж зээлийн хоршоонд олгосон гэсэн үг. Мөн энэ ондоо багтаагаад үлдсэн 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна. Зээлийн эргэн төлөвлөлтийн хувьд 7-9 хувьтай явж зээлийн эргэн төлөлт сайн байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ нь эргэн төлөх болов уу гэсэн айдсыг дарж өгсөн.

-Чадамжийн хувьд хэр дээшилж байгаа вэ?

-Анх Хадгаламж зээлийн хоршоог байгуулж байх үед нөхцөл байдал бага зэрэг хүнд байсан. Гэхдээ өнөөдөр тусгай зөвшөөрөл болоод зээлээ авсан иргэдийн идэвх сэргэж байгаа.

Мөн Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны тэргүүн Д.Хүрэлбаатарын сэтгэгдлийг сонслоо.

“Нийслэлээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Ерөнхийдөө хадгаламж зээлийн хоршоод нэг үеэ бодвол сайжирч байна. Тэгэхээр эхнээсээ зөв суурьтай зөв засаглалыг тогтоох ёстой. Мэдээжийн хэрэг шинээр байгуулагдаж байгаа хадгаламж зээлийн хоршоодын санхүүгийн чадамж сул байгаа. Гэхдээ манай холбооноос тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД