Ээлжит бус чуулганы товлон зарлах тухай захирамж гарчээ

2015 оны 09 сарын 04

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамжийг гаргажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 07-18-ны өдрүүдэд зарлан хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр заажээ. Үүнд:

1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал,

2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр заажээ.

Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг энэ сарын 07-ны өдрийн Даваа гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосон бөгөөд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр захирамжилжээ.

Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын даргын түр эзгүйд түүний үүргийг хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж гарын үсэг зурсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД