Гишүүд Сангийн яаманд ажиллав

2015 оны 09 сарын 04

Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Г.Уянга нар Сангийн яаманд ажиллаж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах явцад иргэдийн тавьсан хүсэлтийн дагуу зарим зүйлийг Сангийн яамнаас тодруулах шаардлага үүссэн болохыг танилцуулжээ. Мөн төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарах үед нь үзүүлдэг нэг удаагийн буцалтгүй тусламжийн асуудлыг хэрхэн зохицуулах болсон талаар асуухад төрийн бүх байгууллагаас энэ онд тэтгэвэрт гарах хүмүүсийн судалгааг хийж, 2016 оны төсвийн төсөл дээр тусгах байдлаар санхүүжилтийг шийдвэрлэхээр төлөвлөж байгааг тус яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар Ж.Ганбат танилцууллаа.

Харин Г.Уянга гишүүн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь тулгамдсан шаардлага болохыг онцлоод, боловсролын салбарын бүтээн байгуулалтын төсөв, хөрөнгө оруулалтын талаар тодруулж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн бэлтгэл хангагдсан эсэхийг лавласан юм. Боловсролын яамнаас сургууль, цэцэрлэгт шинээр хөрөнгө оруулалт хийх 350 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Гэхдээ төсвийн нөхцөл байдлаас үүдэн эл саналыг төсөвт тусгахад хүндрэлтэй байгааг хэлж байлаа. Улсын Их Хурлын баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор санхүүжилтийг 2016 оны төсөвт тусгахаар ажиллаж байгаа гэлээ.

Мөн энэ үеэр гишүүдийн тодруулсан зарим асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон холбогдох албан мэргэжилтнүүд хариулт өгч, Монгол Улсын мөнгөний бодлого, төсвийн бодлого, үйлдвэрлэлийн бодлогын уялдааг хангах талаар болон 2015 оны улсын төсвийн гүйцэтгэл, ирэх 2016 оны төсвийн төлөвлөгөөний талаар ярилцаж, төсвийн хүндрэлийг шийдвэрлэхдээ зээлийн эх үүсвэрээр бус дотоодын  нөхцөл бололцоогоо дайчлах арга замуудын талаар ярилцжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД