Л.Гансүх улс төрийн золиос болж байна гэв

2015 оны 09 сарын 04

Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Үүгээр тэд энэ сарын 10-ны өдөр хүртэл хойшилсон Л.Гансүхийн шүүх хурлыг шоронд бус шүүхийн танхимд хийж, хурлын явцыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан хүргэх ёстой хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн юм. Энэ талаар Дархан-Уул аймгийн гуравдугаар багийн иргэн С.Наранцэцэгээс тодрууллаа.

-Л.Гансүхийг улс төрийн золиос болж байна гэж үзэж байгаа хэрэг үү?

-Тийм ээ. Ийм ч учраас Л.Гансүхийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй хийх ёстой гэж үзэж байна. Учир нь төрд ажиллаж буй төрийн албан хаагчидтай холбоотой худал үнэн нь мэдэгдэхгүй олон хэргүүд ард түмний сонорт хүрч байна. Гэхдээ тэр бүрийг ард түмэнд мэдээлдэггүй. Үргэлж хаалттай шүүх хурлаар шийддэг. Тиймээс тэр бүх хэргийг шүүгч хэрхэн шүүж, шүүгдэгч шүүх хуралд хэрхэн оролцож байна, цаашлаад Монгол Улсын шүүх засаглал ямаршуу байдлаар шүүдэг юм бэ гэдгийг ард түмэн мэдэхийг хүсч байгаа. Мөн бидний хүсч байгаа зүйл бол шүүх хурлыг шоронд бус шүүх танхимд хийх юм. Манай аймагт хоёр ч удаа сонгогдсон тус хүнийг бид хийсэн ажлаар нь мэднэ. Энэ хугацаанд аймагтаа олон ч бүтээн байгуулалт хийж байсан. Тэр бол улс төрийн золиос болж байна.

-Нээлттэй явуулах хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хүргүүлсэн гэсэн. Хариуг нь хэзээ авах вэ?

-Дархан-Уул аймгийн 5000 иргэний гарын үсэг бүхий хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид энэ сарын 3-нд хүргүүлсэн. Харин хүсэлтийнхээ хариуг энэ сарын 07-ны өдөр авах болно. Хэрвээ заасан хугацаанд хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлаж, суулт хийх болно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД