Вексель гаргах ажлыг үргэлжүүлнэ

2015 оны 09 сарын 03

УИХ-ын өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдрийн долдугаар тогтоолоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн боловч гэрээний үлдэгдэл санхүүжилтээ бүрэн авч чадаагүй,  мөн 2014 оны төсөвт тусгагдан 80 хувиас дээш гүйцэтгэлтэй хэрэгжсэн боловч үлдэгдэл хөрөнгө нь 2015 онд тусгагдаагүй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Засгийн газрын өрийн бичиг Вексель гаргах замаар санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгасан.

Мөн Сангийн яам арилжааны банкуудтай Төлбөр баталгаажуулах тухай гэрээг байгуулан долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Вексель бичиж эхэлсэн боловч Улсын Их Хурлын Төсвийн байнгийн хорооны 2015 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн 17 дугаар тогтоолын дагуу Векселиэр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн байдлыг шалгаж дуусах хүртэлх хугацаанд санхүүжилт гаргахгүй, вексель бичихгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байна.

Тэгвэл төсвийн байнгийн хорооны даргын өнгөрсөн сарын 26-ны өдрийн 9/7354 тоот албан бичгээр Төсвийн байнгийн хорооны өнгөрсөн сарын 04-ны өдрийн 17 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ирүүлсэн бөгөөд дүгнэлтийн дагуу үнийн зөрүү бүхий  3 төсөл, арга хэмжээнээс бусад төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Векселиэр баталгаажуулж санхүүжүүлэх нь зүйтэй байна гэсэн байна.

Үүний дагуу энэ сарын 3-ний өдрөөс эхлэн Сангийн яам Вексель гаргах ажлыг үргэлжүүлэн хийж эхлээд байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД