Монгол олдворуудыг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашигласан эсэхийг шалгана гэв

2015 оны 09 сарын 03

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннтэй уулзах үеэрээ Америкийн антропологич Рой Чапман Эндрюсийн экспедици Монголд ирсэний 100 жилийн ой удахгүй тохиох гэж буйтай холбогдуулан (1922 оноос 2022 он) Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргах, монголоос авч явсан олдвор, эд зүйлсийн хамтарсан тооллого хийх, энэ хамтарсан тооллогын дүнг олон нийтэд ил тод байлгах  талаар ярилцжээ.

Мөн Рой Чапман Эндрюс болон Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээнд  /1924 он/ заасны дагуу "монголоос авч гарсан чулуулаг, олдворын зүйл төрөл бүрээс нэг ширхэгийг Монголын засгийн газарт буцааж өгөх", "хэвлэмэл ном, тайлан бүрээс гурван хувийг Монголын Засгийн газарт өгөх", "бүх кино, фото зургаас 2 хувийг Монголын Засгийн газарт өгөх", "Өргөө Музей байгуулахад хамтарч ажиллах, музейд олдвор цуглуулгаа бэлтгэхэд нь туслах" зэрэг амлалтуудыг нь биелүүлэх хэрэгтэй байна гэлээ. Түүнчлэн монголын олдворуудыг зөвхөн шинжлэх ухааны зорилгоор ашиглах гэсэн гэрээний заалт биелэгдсэн эсэхийг хамтран шалгах шаардлагатай байна. Үүний тулд Андрюсийн гэрээний биелэлтийг хамтран дүгнэх комисс гаргая гэсэн санал тавилаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд байхдаа 2014 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Америкийн Байгалийн Түүхийн музейн захирал хатагтай Эллен Фаттерт албан тоот илгээсэн боловч хариу ирүүлээгүй тухай дурдаад гэрээ, гэрээний англи орчуулга болон өөрийн илгээж байсан албан тоотын хуулбарыг Америкийн Байгалийн Түүхийн музейн Эрдмийн сургуулийн захирал Жон Флиннд музейн захиралд гардуулан өгнө үү хэмээн хүлээлгэн өгсөн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД