Р.Жигжид: Бүс нутгийн хөгжлийг дэмжин ажиллана

2015 оны 09 сарын 03

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковери Монголиа-2015” олон улсын чуулга уулзалт энэ сарын 3-4-ний өдрүүдэд болж байгаа билээ. Энэ удаагийн чуулга "Популизмгүй уул уурхайн төлөө" гэсэн уриан дор зохиогдож байгаа бөгөөд уул уурхайн салбарын бизнесийн эрх чөлөө, өрсөлдөх чадварын стратеги, гадаадын хөрөнгө оруулалт, хайгуулын тусгай зөвшөөрөл зэрэг сэдвүүдээр нээлттэй хэлэлцэж байгаа юм. Тус чуулга уулзалтын нээлтэд Уул уурхайн сайд Р.Жигжид оролцсон ба түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковери Монголиа” Олон улсын 13 дах удаагийн чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилье.

Манай орны эдийн засаг, нийгмийн хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг геологи, уул уурхайн салбарын хөгжлийн асуудалд Монгол Улсын Засгийн газар байнга анхаарал хандуулж ажиллаж ирсэн бөгөөд энэ салбарын хөгжлийг түргэтгэхэд төрийн бус байгууллагууд чухал хувь нэмэр оруулж байдгийн нэг тод жишээ нь тус чуулга уулзалт юм. Энэхүү чуулга уулзалтын хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Засгийн газрын цаг” уулзалт нь төрийн байгууллага болон хөрөнгө оруулагчдын мэдээлэл солилцох нэгэн чухал талбар болж байдгийг энд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Монгол Улсын Засгийн газар экспортын баримжаатай үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн өсөлтөд геологи, уул уурхайн салбараас оруулах хувь нэмрийг тогтвортой нэмэгдүүлэх бодлогыг үйл ажиллагааныхаа нэгэн чиглэл болгон ажиллаж байгаа билээ. Уул уурхайн салбарыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, хариуцлагатай уул уурхайн зарчимд нийцүүлэн хөгжүүлэх нь бидний өмнө тавигдаж байгаа томоохон зорилтын нэг болж байна.

Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн тухай хууль, Цөмийн энергийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

Үүний үр дүнд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгож эхлээд байна. Стратегийн ордод төр өөрийн эзэмшиж буй хувьцаанд ногдох ногдол ашигт дүйцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр хэлбэрээр авах боломжийг бүрдүүлсэн. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох ажлыг холбогдох яам, агентлагуудтай хамтран гүйцэтгэж байна.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг тус тус нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд нэмж төвлөрүүлэх болсон. Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар зохицуулагдлаа. Үүний дагуу хамтарсан компани байгуулах, цацраг идэвхт ашигт малтмал эрэх хайх, ашиглах эрхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ажлууд хийгдэж байна.

Монгол Улс чулуун болон хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг өнөөгийн уламжлалт аргаар ашиглахын зэрэгцээ хагас болон гүн боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн ашиглах бодлого баримталж байна. Энэхүү ажлын хүрээнд Таван толгойн орд газарт Нүүрсний давхаргын метан хий олборлох анхны туршилтын үйлдвэр ашиглалтанд орлоо.

Цаашдаа  ашигт малтмалын өмчлөл, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын талбайн хил хязгаар, төрийн эзэмшлийн хувь хэмжээ, тусгай зөвшөөрлийн олголт зэрэг асуудлуудыг илүү ойлгомжтой, тодорхой болгож улмаар эрдсийн бүтээгдэхүүний гадаад зах зээл дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд ангилал стандартыг шинэчилж, эрдэс баялгийн бирж байгуулах зорилго тавин ажиллаж байна.  

Уул уурхайн үйлдвэрүүдийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг ашиглалтад оруулах, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулж дотоодын хэрэгцээг хангах, экспортлох замаар Монгол улсын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж бүс нутгийн хөгжлийг дэмжихэд чиглэгдсэн үйл ажиллагааг Уул уурхайн яам тал бүрээр дэмжин ажиллах болно.

Ингээд “Дисковери Монголиа-2015” чуулга уулзалтадамжилт хүсч, энэхүү арга хэмжээнд оролцохоор энд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагч Та бүхэнд ажлын өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД