Уул уурхайн салбарт популизм давамгайлж байна

2015 оны 09 сарын 03

Уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалт болох “Дисковер Монголиа-2015" олон улсын чуулга уулзалт 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус чуулга уулзалт энэ жилд “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор болж байгаа бөгөөд уулзалтын үеэр Монгол Улсын бизнесийн эрх чөлөөнд тулгамдаж буй асуудлууд, төсвийн бодлого ба бизнесийн эрх чөлөөг түлхүү хэлэлцэж байгаа юм. Мөн тусгай зөвшөөрөл ба эдийн засгийн эрх чөлөө, өнөөгийн дэлхийн уул уурхайн салбарын өнөөгийн байдал, олон улсын болон манай улсын санхүүгийн салбар уул уурхайн төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн эсэх зэрэг олон сэдвийг хөндөн ярилцаж байгаа юм.

Ашигт малтмалын газрын дарга М.Үүрийнтуяа: Төрийн зүгээс дэмжиж ажиллана

-“Дисковер Монголиа” чуулга уулзалтад оролцогчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талаар их сонирхож байх шиг байсан. Тэгвэл яг өнөөдрийн байдлаар хэчнээн тусгай зөвшөөрлийн лицензийг олгоод байгаа юм бэ?

-Тийм ээ. Одоогийн байдлаар 500 гаруй тусгай зөвшөөрлийг шинээр олгоод байгаа бөгөөд нийтдээ 3000 орчим тусгай зөвшөөрлийг олгохоор төлөвлөсөн байгаа. Үүнээс 1200 орчим нь ашиглалтын тусгай зөвшөөрөл, харин 1700 гаруй нь хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа  юм. Тухайлбал, тусгай зөвшөөрөл нь нийтдээ 17 сая га талбайд хайгуулын, нэг сая га-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоод байгаа.

Ер нь цаашдаа Монгол Улсын газар нутгийн 20 орчим хувь буюу 30 сая га талбайд тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор төлөвлөсөн.

-Энэхүү чуулга уулзалт 13 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Үүний үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар мөн. Тиймээс энэхүү салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид хоорондоо мэдээлэл солилцох, хамтарч ажиллах болоод зах зээлийн хүнд нөхцөлд хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулах вэ, яаж даван туулах вэ зэрэг мэдээллийг олж авдаг. Харин энэ жилийн хувьд зах зээлийн хүнд нөхцөл байдал үүссэн, түүхий эдийн үнэ ханш унасан үед зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Гэсэн ч аж ахуйн нэгжүүд маань хүндрэлийг даван туулах тал дээр өөрсдийнхөө боломж бололцоог дайчлан ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна. Ийм үед төрийн зүгээс бид ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллана.

Монгол Улсын анхны ерөнхийлөгч, зохион байгуулах хорооны дарга П.Очирбат: Монгол Улсын төрийн бодлого цэгцтэй болсон

-Нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ. Мөн “Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалтад оролцох хөрөнгө оруулагчид буурч байгаа гэсэн шүүмжлэл гарсан байсан. Энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Энэ жилийн чуулга уулзалтад оролцсон төлөөлөгчдийн тоо өмнөх жилүүдийнхээс их байгаа. Ноднин жилд 240 орчим хүн оролцсон бол энэ жил 380 гаруй төлөөлөгч оролцож байна. Үүнээс гадна Монгол Улсын хууль эрх зүйн орчин болоод төрийн бодлого тодорхойгүй байсан учраас гаднын хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан. Товчоор хэлбэл, манай улсыг сонирхоод ирсэн төлөөлөгч, хөрөнгө оруулагчдыг хөөгөөд, айлгаад явуулчихдаг байсан шүү дээ. Харин өнөөдөр Эрдэс баялгийн талаарх төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгоод УИХ-аар баталсан. Мөн Ашигт малтмалын тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг хууль эрх зүйн олон актыг тодорхой болгосон. Түүнчлэн хайгуулын лицензийг олгохыг зогсоосон байсан бол эргүүлээд олгож эхэллээ. Энэ чинь дэвшил шүү дээ. Тиймээс энд хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн 60 гаруй хувь нь гаднын хөрөнгө оруулагчид байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн бодлого нэлээд цэгцтэй болж, хууль эрх зүйн орчин тогтвортой болж байгаагийн илрэл юм.

Лиценз олгох ажил нэлээд маргаан дагуулж байгаа гэж сонссон.  Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, уул уурхайн ашигт малтмалын судлах хүрээг өргөжүүлж, орд газруудыг нээхийг бодохоос биш худал үнэн нь мэдэгдэхгүй зүйл ярьж популизмын жишгээр хандаж болохгүй. Үүнээс болоод Монголын эдийн засаг унаж, ард түмний ахуй амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа: Манай улс найдваргүй түншийн тоонд багтжээ

-Манай улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар аль түвшинд байгаа гэж үзэж байна вэ?

-Өрсөлдөх чадварын гол дүгнэлтүүдийг дүгнэх гурван чиглэл байдаг. Үүнд боловсруулалтын түвшин буюу чанар, үнэ өртөг, тогтмол нийлүүлэлт багтдаг. Нэгдүгээрт, манайх тээвэрлэлтийн зардал, үнэ ханшийн байдлаараа дэлхийн зах зээлд өрсөлдөж чадахгүй байна. Хоёрдугаарт, боловсруулалтын түвшинд түүхий эсвэл хагас боловсруулсан гаргаж байна. Гуравдугаарт, манай улсын Засгийн газрын замбараагүй бодлого, зах зээлийн хүнд нөхцөл дэх тогтмол нийлүүлэлтгүй зэрэг нь нөлөөлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, манай улс бол найдваргүй түншийн тоонд багтсан гэсэн үг. Худалдан авагчдыг ч бас хүндэтгэж үзэх хэрэгтэй. Өмнөх жилүүдэд нүүрсийг зүв зүгээр тээвэрлэж байсан хэрнээ байгаль орчны асуудлаас болоод гэнэтхэн зогсоодог байсан. Тэгээд гурван сарын дараа тээвэрлэж болно гэх мэтээр тогтмол нийлүүлэлтийг болиулдаг байсан нь нөлөөлсөн.

Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Д.Дамба: Уул уурхайн салбарт популизм давамгайлж байна

-Монгол улсын бизнесийн эрх чөлөө ямар түвшинд явж байгаа вэ?

-Нэлээд тааруухан түвшинд явж байгаа гэж бодож байна. Нэг үеэ бодвол хууль эрх зүйн орчин тогтвортой болж, нэлээд олон хуулийг баталж гаргалаа. Тухайлбал, Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлт сайжирч, Хөрөнгө оруулалтын хууль нь бизнесийг дэмжсэн хууль болж чадсан хэдий ч өнөөдөр төр засгийн байгаа байдал тогтворгүй, Засгийн газрыг олон удаа сольсон. Мөн хуулиа ч бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Эдгээрээс үүдэн уул уурхайн салбарын бизнесийн орчин хүнд нөхцөл байдалд орж, дээрээс нь  дэлхийн эдийн засгийн хямрал, түүхий эдийн үнэ ханшийн уналт нөлөөлж байгаа. Товчоор хэлбэл, популиз их давамгайлж байгаагийн илрэл гэж үзэж байна. Уул уурхайн салбаргүйгээр Монгол Улс хөгжинө гэж ярих хүн ч олон болж. Харин би тэрийг нь олж харж чадахгүй байгаа юм. Дэд бүтцээ хөгжүүлж чадаагүй байж Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ гэж яриад байх юм. Ямартай ч дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд уул уурхайгаас төсвөө бүрдүүлэх хэрэгтэй.

-Чуулга уулзалтын гол зорилго хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад оршдог. Энэ талаар?

-Өнөөдрийн чуулга уулзалтад санасныг бодвол олон төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна. Ялангуяа гаднын зочид өргөнөөр оролцож байгаа нь ажиглагдлаа. Ер нь Монгол Улсад уул уурхайн салбар ид хөгжиж байх үед хөрөнгө оруулчихсан хүмүүс хаяад явж чадахгүй нөхцөл байдалд орчихсон байгаа юм. Тэрнээс биш Монголд өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаагүй хэрнээ шинээр хөрөнгө оруулъя гээд ирж байгаа хөрөнгө оруулагч их ховор байгаа байх гэж бодож байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД